ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Гадаад улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэл” сэдэвт чөлөөт уулзалт боллоо
2025-09-22 Админ Хандсан тоо: 393 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Монголын шүүгчдийн холбоо болон Япон Улсын Айчи мужийн Өмгөөлөгчдийн холбоо хамтран 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Гадаад улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэл” сэдвийн хүрээнд чөлөөт уулзалт зохион байгууллаа.
Уулзалтыг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нээж, Монгол Улсад айлчлан ирсэн Япон Улсын Айчи мужийн Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй энэхүү уулзалт амжилттай болж, цаашдын ажилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Энэ үеэр Япон Улсын Айчи мужийн Өмгөөлөгчдийн холбооны Олон улсын хорооны дарга Тацуя Такишима “Япон Улс дахь гадаад улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьж, гадаад улсын хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Япон Улсад биелүүлэх урьдчилсан нөхцөл, албадан гүйцэтгэх ажиллагаанд тавигдах шаардлага, хөрөнгө ил болгох журам, гуравдагч этгээдээс мэдээлэл авах журам зэргийн талаар танилцуулсан бол Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Үндсэн хууль, олон улсын эрх зүйн секторын эрхлэгч Э.Эрхбилгүүн “Монгол Улс дахь гадаад улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн зохицуулалт, өнөөгийн байдал” сэдвийн хүрээнд холбогдох эрх зүйн орчин, шийдвэр гүйцэтгэлийн биелэлт, тулгамдсан асуудлууд, хэрэгжилт хангалтгүй байгаа нөхцөл шалтгааны талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Чөлөөт уулзалтад Япон Улсын Айчи мужийн Өмгөөлөгчдийн холбооны 16 өмгөөлөгч, Монгол Улсын анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, Шүүхийн академийн Судалгааны төвийн судлаачид оролцож, гадаад улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг харьцуулан хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ