Шүүхийн академи, Турк Улсын Шүүхийн академитай хамтран сургалт зохион байгууллаа
2025-09-22 Админ Хандсан тоо: 548 Хуваалцах

Монгол Улсын Шүүхийн академи, БНТУ-ын Шүүхийн академитай хамтран Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо 2025 оны 9 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд  сургалт зохион байгууллаа.

Сургалтыг нээж Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Турк Улсын Хууль зүйн академийн ерөнхийлөгч Бекир Алтун, Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр нар үг хэлэв. 

Турк Улсын Хууль зүйн академийн ерөнхийлөгч Бекир Алтун Шүүхийн академи хоорондын харилцаа хамтын ажиллагааг сайшаагаад, энэхүү хамтын ажиллагаа нь  хууль, эрх зүйн салбарт хувь нэмэр оруулаад зогсохгүй, хоёр улсын харилцааг өргөн цар хүрээнд тэлэх боломжийг бүрдүүлэх болно гэдгийг онцоллоо.

Энэхүү сургалт нь Монгол Улсын Шүүхийн академи, Бүгд Найрамдах Турк Улсын Шүүхийн Академитай 2023 оны 11 дүгээр сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй 4 дэх удаагийн сургалт бөгөөд энэ удаагийн сургалтад 27 шүүгч хамрагдлаа. 

Мөн энэ үеэр Турк Улсын Хууль зүйн сайд ноён Йылмаз Тунч Монгол Улсын шүүгчдийг  хүндэтгэн хүлээн авч уулзлаа. Тэрээр түүх, соёлын хэлхээ холбоотой Монгол Улстай харилцаагаа бүхий л салбарт, тэр дундаа хууль зүйн салбарын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ хэмээн илэрхийллээ.

Шүүгч нар тус улсын Үндсэн хуулийн цэц,  Анкара хотын давж заалдах шатны шүүх болон баруун шүүхийн байранд зочилсон байна.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ