ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Үнэ шилжилтийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна
2025-09-08 Админ Хандсан тоо: 132 Хуваалцах
Татварын Ерөнхий Газар, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) хамтран 2025 оны 9 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд “Үнэ шилжилтийн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж байна.
Сургалтын эхний өдөр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, тус академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн болон шүүгч Б.Адъяасүрэн, Л.Батбаатар, Ц.Одмаа, Д.Халиунаа, Д.Чанцалням нар оролцлоо.
Энэ үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа нар ЭЗХАХБ-ын зөвлөх Томас Балко, Андрю Виола болон Хил хязгааргүй татварын байцаагч хөтөлбөрийн зөвлөх Николас Длужняк нартай уулзаж, татварын асуудалтай холбоотой сургалтуудыг хамтран зохион байгуулахаар тохиролцсон юм.
Үнэ шилжилтийн сургагч багш бэлтгэх сургалт нь Монгол Улсад үнэ шилжилтийн хүрээнд тулгарч буй гол асуудлуудыг тодорхойлон авч үзэхийн зэрэгцээ, татварын албан хаагчдын техникийн чадавхыг бэхжүүлэх зорилго дор мэдлэг, мэдээлэл олгож, туршлага хуваалцсан үр дүнтэй үйл ажиллагаа болж байна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ