ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 41 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 41.2 ДАХЬ ХЭСЭГТ "ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ЭНЭ ХУУЛИЙН 41.1.2, 41.1.4, 41.1.5-Д ЗААСАН ТОХИОЛДОЛД ЧӨЛӨӨЛӨХ, 41.1.3, 41.1.6, 41.1.7-Д ЗААСАН ТОХИОЛДОЛД ОГЦРУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭНЭ." ГЭЖ ЗААСНЫ "... 41.1.3, ..." ГЭСЭН ЗААЛТ НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ
2025-09-03 Админ Хандсан тоо: 59 Хуваалцах
Мэдээлэл гаргагчийн тайлбар: "... Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ... 41.1.3, ...-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэснийг тус тус зөрчсөн. Учир нь хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тухайн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг хэлэлцэхээр оруулахад төлөөлөгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 хэсэгт заасны дагуу тухайн шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотой асуудлыг дурын төлөөлөгч хэлэлцэх асуудлаас хойшлуулах санал гаргаж, үүний дагуу санал хураалт явуулж олонхын саналаар хэдэн ч удаа хойшлуулж болохоор нөхцөл үүсгэсэн байна. Ингэснээр шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болж, шүүхийн шийдвэрийг давсан хүчин чадалтай шийдвэрийг Хурлын Төлөөлөгчид гаргах боломжтой байдлаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг шууд зөрчиж, шүүх эрх мэдэлд халдсан зохицуулалт болсон байна.
Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийн хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай асуудлыг хэлэлцэж байгаа болохоос "шүүх эрх мэдэл"-д халдсан, шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэж байгаа хэрэг биш юм. Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлдэг бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх нь Үндсэн хууль зөрчөөгүй…” гэжээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудал мэдээлэл гаргагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ... 41.1.3 , ...-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэжээ. Уг дүгнэлтийг Улсын Их Хурал 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 22 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд гаргасан тайлбартаа “…Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан 6 үндэслэлээр төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхээр заасан нь нэг талаас Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн баталгааг хангах, нөгөө талаас иргэд, сонгогчдын төлөөлөл байх чадамж, тавигдах шаардлагыг хангуулах үүднээс хандаж буй хэрэг юм. Өмнө мөрдөгдөж байсан 2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлд огцруулах тухай тогтоол гаргахаар зааж зохицуулж ирсэн уламжлалтай бөгөөд одоогийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн холбогдох зохицуулалт нь мөн энэ уламжлалын дагуу шүүхийн шийдвэрийн агуулгыг хөндөхгүйгээр хэлбэрийн хувьд огцруулах шийдвэр гаргах агуулгатай юм ..." гэжээ.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.