ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
2025-06-24 Админ Хандсан тоо: 473 Хуваалцах
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, шүүгч та бүхэнд Улсын дээд шүүхийн Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.
Монгол Улс шүүхийн шинэчлэлийг эрчимжүүлэх хүрээндээ ирэх 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гэр бүл, хүүхдийн хэргийг тухайлан шийдвэрлэх дагнасан шүүхийг байгуулахаар бэлтгэж байгаа энэ цаг үед "Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улсын дээд шүүхээс Шүүхийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулж байна.
Энэхүү хурлын хүрээнд үндэсний онцлог, олон улсын туршлагыг уялдуулсан, хүүхэд төвтэй, хүний эрхийг дээдэлсэн шүүхийн тогтолцоог цогцлоохын төлөө бид үзэл бодол, туршлагаа хуваалцахаар хамтдаа нэгдэж байна. Гэр бүлийн шүүх нь нийгмийн хамгийн эмзэг, хамгийн үнэ цэнтэй бүлэг болох хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад өндөр үр нөлөөтэй.
Энэхүү хурлаар:
- Гэр бүл, хүүхдийн эрх зүйн харилцаанд тулгамдаж буй асуудлууд;
- Хүүхэд, насанд хүрээгүй хүмүүст холбогдох хууль зүйн маргааны онцлог;
- Шүүхийн бүтэц, зохион байгуулалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим зэрэг олон талт, чухал сэдвүүдийг хэлэлцэнэ.
Тус хуралд оролцох хүндэт илтгэгч нар, тэр дундаа Япон, АНУ, ХБНГУ, Нидерланд, БНСУ, Турк, Австрали зэрэг улсуудаас хүрэлцэн ирэх туршлагатай судлаач, шүүгч, бодлого боловсруулагч та бүхний мэдлэг, туршлага бидний хувьд үнэ цэнтэй байх болно. Бид Монгол орны өв соёл, үзэсгэлэнт байгаль, зочломтгой ёс, халуун сэтгэлээр та бүхнийг угтан авахад бэлэн боллоо. Эх оронд минь тавтай морилно уу.
Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр