ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба Гэр бүл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
2025-06-24 Админ Хандсан тоо: 295 Хуваалцах
Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн хүрээнд анхан болон давж заалдах шатны гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хуульчилсан. Үүнтэй холбогдуулан шүүхийн тогтолцооны шинэ чиг хандлага, олон улсын туршлагыг судлах, харьцуулах, хэлэлцэн бодлого боловсруулах зорилготой “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба Гэр бүл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Энэхүү хурлыг Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгуулж байна. Хуралд Монгол Улсаас гадна АНУ, Австрали, Герман, Турк, БНСУ, Япон, Нидерланд зэрэг 8 орны шүүгч, хуульч, судлаач, мэргэжилтнүүд, нийт 120 гаруй зочин төлөөлөгч оролцох юм. “Гэр бүл ба хамтын амьдралын харилцаа”, “Өсвөр насны хүүхдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” болон “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн бүтэц, зохион байгуулалт ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэсэн гурван үндсэн чиглэлийн хүрээнд үрчлэлт, гэрлэлт цуцлалт, эх нялхсын эрх, хүүхдийн ашиг сонирхол, асран хамгаалалт, дундын эд хөрөнгийн харилцаан дахь тулгамдсан асуудлыг хөндөнө.
Мөн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нийцсэн шударга шүүхийн зарчим, хамгааллын тогтолцоо, олон улсын сайн туршлагыг судлахаас гадна Монгол Улсад шинээр байгуулагдах шүүхийн бүтцийн онцлог, зохион байгуулалтын шийдэл, мэргэшсэн шүүгчдийн чадавхи, шүүхийн хүртээмжийг сайжруулах асуудлыг тус тус хэлэлцэнэ. Эрдэм шинжилгээний хурал нь хүүхдэд ээлтэй, мэргэшсэн шүүхийн тогтолцоог бүрдүүлэх, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, үндэсний бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Шүүхийн академийн шүүгчийн сургалтын цахим системд байршуулсан ZOOM холбоосоор шууд хүлээн авч үзэх боломжтой.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ