ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэнд-сэтгэл зүйд суурилсан манлайлал ба хамт олны харилцаа” сэдэвт сургалт зохион байгуулж байна
2025-06-23 Админ Хандсан тоо: 207 Хуваалцах
Энэхүү сургалтыг Шүүхийн академи, Монгол Улсын дээд шүүх болон Монголын шүүгчдийн холбоотой хамтран 2025 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд Австрали улсаас Хууль зүйн доктор, сэтгэл судлалын магистр Карли Шревер, сэтгэл судлаач, гэр бүлийн сэтгэл засалч Салли Райан нар хоёр өдрийн хугацаанд удирдан явуулж байна.
Хатагтай Карли Шревер нь 20 гаруй жилийн турш хууль эрх зүй, шүүхийн салбарт ажилласан туршлагатай. Тэрээр магистр, докторын зэрэг хамгаалах үеэрээ Австрали улсын шүүх эрх мэдлийн салбарын түүхэнд анх удаа шүүгчдийн сэтгэл зүйн сайн сайхан байдлын талаарх эмпирик судалгаа хийж, шүүгчдийн сэтгэл зүйд нөлөөлдөг хүчин зүйлсийг багтаан олны хүртээл болгож байв. Мөн Австрали, Ази, Африк, Хойд Америк, Их Британи, Европын орнуудад олон улсын хэмжээний илтгэл хэлэлцүүлж, шүүгч, хуульчдад чиглэсэн сургалт, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байжээ.
Харин хатагтай Салли Райан нь сүүлийн 25 жилийн турш эмчилгээ, удирдлага, сургалт зэрэг чиглэлүүдээр ажилласан туршлагатай. Тэрээр сэтгэл зүйн туслалцаа шаардлагатай хүмүүст урт хугацааны эмчилгээ, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэхээс гадна байгууллагын сайн сайхан байдал, ажлын байран дахь стресст өртөх эрсдэлийг бууруулах чиглэлээр ажилладаг байна.
Сургалтын хүрээнд шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэндийн чиг хандлага, олон улсын судалгааг судалж, стресс үүсгэгч болон хамгаалагч хүчин зүйлс, стрессийн хариу урвалын нөлөөллийг ойлгон, урьдчилан сэргийлэх аргуудтай танилцах аж. Түүнчлэн стресс,ажлаас халшрах хам шинжээс сэргийлэх, сэтгэл зүйн асуудлуудыг ялган таних, стрессийг удирдах, бие махбод, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих арга замуудыг судлах юм. Мөн сэтгэл зүйн эрүүл мэндийн хувийн төлөвлөгөө боловсруулах, шүүхүүд хэрхэн сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой соёлыг дэмжиж хөгжүүлэх Монголын нөхцөлд сайн туршлагыг хэрхэн нутагшуулах талаар харилцан яриа өрнүүлэн, туршлага солилцож байна. Тус сургалтад Шүүхийн академийн 10 шүүгч-сургагч багш хамрагдаж байна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ