ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх болон хөрөнгө буцаах ажиллагааны онцлог” сэдэвт сургалт зохион байгууллаа
2025-06-20 Админ Хандсан тоо: 330 Хуваалцах
Шүүхийн академи, Монгол Улс дах АНУ-ын элчин сайдын яамтай хамтран “Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх болон хөрөнгө буцаах ажиллагааны онцлог” сэдэвт сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч нарт зориулан зохион байгуулсан бөгөөд АНУ-ын Оклахома мужийн Баруун дүүргийн холбооны шүүхийн магистрат шүүгч Сюзанн Митчелл удирдан явууллаа.
Шүүгч Сюзанн Митчелл нь 2013 оноос эхлэн АНУ-ын Оклахома мужийн Баруун дүүргийн холбооны шүүхэд магистрат шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд тус шүүхийн Эрүүгийн хэргийн хуулийн зөвлөх үйлчилгээний албыг удирдан, сэтгэлзүйн гэмтлийн нөлөөллийг харгалзан нөхөн сэргээхэд чиглэсэн “Шүүхээр дэмжих хөтөлбөр”-ийн зохицуулагчийн үүргийг давхар хашдаг байна.
Тэрээр холбооны иргэний болон эрүүгийн хэрэг, давж заалдах ажиллагаа, шүүхийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн. Урьдчилсан шүүх хуралдаан, иргэний хэрэг, ял авсны дараах асуудлыг хариуцан ажиллахын зэрэгцээ шүүхийн бодлого боловсруулах, хууль зүйн судалгааны ажлын арвин туршлагатай юм.
Сургалт “Авлигын гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог”, “Мөнгө угаах, хөрөнгө буцаах ажиллагааны онцлог”, “АНУ дахь Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний эрх зүйн зохицуулалт” зэрэг сэдвүүдээр болж өндөрлөлөө.
Энэхүү сонгон судлах сургалтад Эрүүгийн хэргийн шүүхийн 43 шүүгч хамрагдлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ