ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ДОКТОРАНТ Н.ОДОНТУУЛ БОЛОН С.ЭРДЭНЭБОЛОР НАР НЬ ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОРЫН (PH.D) ЗЭРГЭЭ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА
2023-07-06 Админ Хандсан тоо: 306 ХуваалцахДотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 2023 оны 07 сарын 06-ны өдрийн хурлаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ШССМХ-ийн шүүгч-сургагч багш Н.Одонтуул нь “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдвээр хууль зүйн доктор (Ph.D.)-ын зэрэг, Отгонтэнгэр их сургуулийн багш С.Эрдэнэболор нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зарим асуудал” сэдвээр хууль зүйн доктор (Ph.D.)-ын зэргийг амжилттай хамгааллаа.
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн нь Докторант Н.Одонтуул болон С.Эрдэнэболорын хууль зүйн докторын зэрэг горилсон бүтээлд албан ёсны шүүмжлэгч байгууллагаар томилогдон ажиллалаа.
Докторант Н.Одонтуулын докторын зэрэг горилсон бүтээлийг Хууль зүйн доктор, дэд профессор Б.Энхболд удирдсан бөгөөд тус бүтээл нь Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалтын талаар манай улсын эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд хууль зүйн докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлийн хэмжээнд хийсэн анхны дагнасан судалгаа гэдгээр хууль зүйн шинжлэх ухаанд чухал байр суурь эзлэх бүтээл болжээ. Тэрээр тус судалгааны хүрээнд зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай боловч сэтгэцийн эмгэгтэй хүмүүст ял ногдуулахын зэрэгцээ, албадан эмчилгээнд хамруулах талаар онолын үндэстэй санал дэвшүүлсэн нь онолын болон практик ач холбогдолтой болсон байна.
Докторант С.Эрдэнэболорын докторын зэрэг горилсон бүтээлийг Хууль зүйн доктор, профессор Г.Гантөмөр удирдсан бөгөөд тус бүтээл нь гэр бүлийн хүчирхийллийн онол, үзэл баримтлал болоод гадаадын зарим улс орны хууль тогтоомжтой харьцуулан судлахын сацуу Монгол Улсын эрүүгийн эрх зүйн түүхэн эх сурвалжуудыг судалсан нь одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй эрүүгийн хуулийн үндэс суурь болон өмнөх хуулиудын залгамж чанарыг тодотгон харуулсны зэрэгцээ өөрийн үндэслэлээ холбогдох тоо баримт, статистик мэдээ, шүүхийн практикт тулгуурлан холбогдох санал, зөвлөмжийг боловсруулснаараа шинэлэг бөгөөд ач холбогдолтой болсон байна.
Хууль зүйн докторын зэргээ амжилттай хамгаалсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ШССМХ-ийн шүүгч-сургагч багш Н.Одонтуул болон Отгонтэнгэр их сургуулийн багш С.Эрдэнэболор нарт халуун баяр хүргэе.