ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Уур амьсгалын өөрчлөлт ба шүүх” судалгааны бүтээлийг олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүллээ
2025-05-16 Админ Хандсан тоо: 130 Хуваалцах
Бүгд Найрамдах Солонгос Улсын Шүүхийн судалгаа, сургалтын хүрээлэнгээс "Уур амьсгалын өөрчлөлтөд шүүхийн хариу үйлдэл" /Judicial Responses to Climate Change/ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр цахимаар зохион байгууллаа.
Энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлөн Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг оролцож, “Уур амьсгалын өөрчлөлт ба шүүх” /Climate change and The Court/ сэдвээр судалгааны илтгэл хэлэлцүүлэв.
Тус судалгааг Шүүхийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн удирдан, Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч Н.Хулан, судлаач Б.Ануурад, М.Ананд, Л.Энхсайхан нар хамтран гүйцэтгэжээ.
“Уур амьсгалын өөрчлөлт ба шүүх” сэдвийн хүрээнд судлаачид, Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдол, зарим гадаад улсын уур амьсгалын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэсэн онцлог жишээг судалсан байна.
Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Солонгос, Мальдив, Шри Ланк, Пакистан, Непал улсын төлөөллүүд оролцож, шүүхийн байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтөд хариу үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилго дор судалгаа, практик туршлагуудыг хуваалцсан юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ