ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2025-05-12 Админ Хандсан тоо: 202 Хуваалцах
Шүүхийн Академи Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаанаа 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан ‘’Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэгт заасан зарим гэмт хэргүүдийн ойлголт, хууль хэрэглээний практик’’, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек ‘’Өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудал”, Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа ‘’Цахим нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, шинжлэн судлах, үнэлэх арга зүй’’ зэрэг хөтөлбөрийг тус тус танилцуулж, хорооны гишүүдийн 100 хувийн саналтайгаар батлахад санал нэгдлээ.
Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн “Нотлох баримтыг мөрдөн шалгах нууц ажиллагаагаар цуглуулах, бэхжүүлэх онцлог’' сэдэвт сургалтын хөтөлбөрийг танилцууллаа. Гишүүд уг хөтөлбөрийн агуулгыг тодруулж, дахин боловсруулах шаардлагатай зэрэг санал гаргасан тул дараагийн хуралдаанд хэлэлцэхээр хойшлууллаа.
Энэ удаагийн хуралдаанд танхимаар 9 гишүүн, цахимаар 3 гишүүн оролцлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ