Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шүүхийн академийн төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийлээ
2025-05-12 Админ Хандсан тоо: 186 Хуваалцах

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шүүхийн академийн Ерөнхийлөгч ноён Нгуен Шуан Тху тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн туршлага судлах айлчлал 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Айлчлалын бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шүүхийн академийн Ерөнхийлөгч ноён Нгуен Шуан Тху, Шүүхийн академийн Захиргаа, удирдлага, гадаад харилцааны хэлтсийн дарга Нгуен Тхи Фонг Лан, Шүүхийн академийн Сургалт хариуцсан дэд дарга Нгуен Тхи Тху Хонг, Шүүхийн академийн шүүгч, прокурор, хуульчдын ерөнхий боловсролын тэнхимийн дэд захирал Нго Ти Нгок Ван, Шүүхийн академийн хуульчдын сургалтын тэнхимийн дэд захирал Тонг Тхи Танх, Шүүхийн академийн Чанарын үнэлгээ, хяналт, шалгалтын төвийн захирал Ву Тхи Тху Хиен нар багтсан байна.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Шүүхийн академийн бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагааны чиглэлтэй танилцаж, хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.

Мөн төлөөлөгчид Монгол Улсын дээд шүүхээр зочилж, шүүхийн цахимжилт, шүүх хуралдааны шууд дамжуулалт, шүүх хуралдааны танхимтай танилцсан бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны болон Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхүүдийн байранд зочилж, шүүхийн бүтэц, орон тоо, онцлог, нутаг дэвсгэрийн харьяалалтай танилцан харилцан туршлага солилцож, мэдээлэл авлаа.

Энэ үеэр БНВУ-ын Шүүхийн академийн Ерөнхийлөгч ноён Нгуен Шуан Тху Монгол улсын шүүхийн тогтолцоо тэдний үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцах боломж олгосон Шүүхийн академи, шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч нар болон Тамгын газрын дарга, ажилтнуудад гүн талархалаа илэрхийллээ.

Туршлага судлах айлчлалын хүрээнд хоёр орны шүүхийн академиуд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь цаашдын сургалт, судалгаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээсэн онцлог үйл явдал болсныг талууд тэмдэглэлээ. Шүүхийн академийн зүгээс төлөөлөгчдөд Монгол Улсын түүх, өв соёлыг таниулан сурталчлах зорилгоор Төв аймаг дах Чингис хааны морьт хөшөөт цогцолбор, Чингис хааны ордон музей зэрэг газруудтай танилцууллаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ