ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР, ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-05-06 Админ Хандсан тоо: 229 Хуваалцах

Шүүхийн Академи, Монголын Хуульчдын Холбоо болон Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Танхимтай 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Шүүхийн Академийн захирал Д.Эрдэнэчимэг, Монголын Хуульчдын Холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Танхимын Шүүхийн мэтгэлцээний зөвлөл хариуцсан дэд тэргүүн Б.Наранцэцэг нар гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд шүүхийн мэтгэлцээний сургалт, семинар, сургалтын хөтөлбөр боловсруулах, зохион байгуулах, мэтгэлцээний дасгалжуулагч багш нарыг бэлтгэх, сургах, чадавхжуулах, шүүхийн мэтгэлцээнээр хичээллэгч оюутнуудад зориулсан сургалт, тэмцээн, арга хэмжээ зохион байгуулах, оюутнуудыг шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдлэгтэй, мэргэжлийн ур чадвартай боловсон хүчин болгон бэлтгэхэд хамтран ажиллах, хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн санамж бичгийн хэрэгжилтийн хүрээнд шүүхийн мэтгэлцээнээр хичээллэгч оюутнууд, дасгалжуулагч багш нарт зориулсан сургалтыг 2025 оны 05 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд Шүүхийн Академийн Судалгааны төвийн Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч Н.Хулан оюутнуудад онол, практикийн мэдлэгээ хуваалцан, сургагч багшаар ажиллаж байна.

Санамж бичиг байгуулах үеэр Шүүхийн Академийн захирал Д.Эрдэнэчимэг шүүхийн мэтгэлцээнийг хөгжүүлэх нь ирээдүйд шүүхэд ажиллах хуульчдыг зөв дадалтай, мэтгэлцэх ур чадвартай болгох, ёс зүйтэй хуульчид бэлтгэхэд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм гэдгийг илэрхийлж байлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ