ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ШҮҮГЧИД БНСУ-Д ТУРШЛАГА СУДЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-04-28 Админ Хандсан тоо: 476 Хуваалцах
Шүүхийн академиас зохион байгуулсан туршлага судлах сургалтад анхан, давах шатны 10 шүүгч 5 захиргааны ажилтан оролцлоо. Сургалтын үеэр БНСУ-ын Дээд шүүх, Сөүл хотын Давж заалдах шатны шүүх, Шүүхийн сургалт судалгааны хүрээлэн, Шүүхийн бодлого судалгааны хүрээлэн, номын сан, шүүхийн захиргааны албан хаагчдын сургалтын төв, БНСУ-ын Дэжон, Чонжү хотын анхан шатны шүүх, Канвун хотын салбар шүүхүүдэд зочиллоо.
Тус улсын шүүхийн байрууд нэг стандарттай бөгөөд иргэд үйлчлүүлэхэд хялбар. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс эхлээд хүүхэд, гэр бүлээрээ шүүхэд хандахад таатай нөхцөлийг бүрдүүлж бүх үйлчилгээг нэг дороос авах байдлаар /банк, бүртгэл, шуудан/ төлөвлөдөг бол нөгөө талаас шүүгчдийг тав тухтай орчинд ажиллах /номын сан, амрах байр, хүүхдийн цэцэрлэг/ нөхцөлөөр хангажээ.
БНСУ-ын шүүх нь цахимжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд 2003 оноос эхэлсэн E-court мастер төлөвлөгөө дуусаж хиймэл оюун ухааныг шүүн таслах ажиллагаанд хэрэгжүүлснээр өндөрлөх гэж байна. Монгол Улсын бүх шатны шүүхүүдийг цахимжуулах, нээлттэй ил тод байдлыг хэрэгжүүлж байгаа энэ цаг үед БНСУ-ын дээд шүүхийн мэдээлэл технологийн төвд ажиллаж харилцан туршлага судалсан нь ач холбогдолтой байв. Энэ удаагийн сургалт аялал нь шүүгчдийг бүх шатны буюу анхан шатнаас дээд шүүх хүртэл, газар нутгийн хувьд төвөөс хөдөө алслагдсан дүүрэг хүртэлх бүх шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцуулснаараа онцлог болж өндөрлөлөө. Дараагийн шүүгчдийн сургалтыг Шүүхийн академи, БНСУ-ын шүүхийн сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ