ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүхийн академи БНСУ-ын Шүүхийн судалгаа, сургалтын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2025-04-23 Админ Хандсан тоо: 492 Хуваалцах
Хамтран ажиллах санамж бичигт Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, БНСУ-ын Шүүхийн судалгаа сургалтын хүрээлэнгийн ерөнхийлөгч Ким Си Чёл нар 2025 оны 4-р сарын 21-ний өдөр гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хоёр улсын шүүгчид туршлага солилцох, сургалт зохион байгуулахаас гадна харилцан айлчлалыг зохион байгуулж дэмжих, хоёр талын зохион байгуулж байгаа Олон Улсын болон эрдэм шинжилгээний хурал, симпозиумд төлөөлөгчдөө оролцуулж дэмжихээр боллоо.
Талууд хамтран ажиллах гэрээ байгуулснаар зөвхөн харилцан туршлага солилцох төдий биш шүүгчдийн сургалт судалгааны байгууллагуудын хувиар хамтын ажиллагаагаа шинэ агуулгаар баяжуулан албажуулж, харилцаагаа дараагийн шатанд гаргаж чадлаа.
Шүүхийн академи нь БНСУ-ын Шүүхийн судалгаа, сургалтын хүрээлэнтэй 2021 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 онд 19 шүүгч, 2023 онд 8 шүүгч, 2024 онд 17 шүүгчийг тус тус сургалтад хамруулж байжээ.
Мөн төлөөлөгчид тус академийн судалгааны хүрээлэн, сургалтын хүрээлэн, номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр БНСУ-ын Шүүхийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн судлаачдаас Шүүхийн академийн “Монголын шүүх, эрхзүй судлал” сэтгүүлийн редакцын зөвлөлд багтаж ажиллах, англи болон хятад хэл дээрх ном, судалгааг харилцан солилцоход бэлэн байгаагаа талууд илэрхийллээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ