ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Монголын төр, эрх зүй” сэтгүүл шинэчлэгдэн “Монголын шүүх, эрх зүй судлал” нэртэйгээр хэвлэгдэж эхэллээ
2025-04-16 Админ Хандсан тоо: 292 Хуваалцах
Шүүхийн Академи өөрийн эрхлэн гаргадаг улирал тутмын “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн нэр, өнгө төрх, бүтэц, агуулгыг шинэчлэн 2025 оны 1 дүгээр улирлын 111 дэх дугаараас эхлэн “Монголын шүүх, эрх зүй судлал” (The Journal of Mongolian Judicial and Legal Studies) нэртэйгээр хэвлэж эхэллээ. Энэхүү шинэчлэл нь сэтгүүлийн редакцын бодлогыг хэвээр хадгалахын зэрэгцээ шүүх эрх мэдэл, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой онол, практикийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн зорилтот агуулгатай бүтээлүүдийг түгээхэд түлхүү анхаарах шинэ хандлага бүхий өөрчлөлт юм. Өнгө төрх болон дизайны шинэчлэлтэй хамт сэтгүүлийн булангуудыг баяжуулан эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны тайлан, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, Улсын дээд шүүхээс хуулийн төсөлд өгсөн санал зэрэг шүүх эрх мэдэл, хууль зүйн бодлого, хэрэгжилтийн талаарх олон талт, шинжлэх ухааны ач холбогдол бүхий мэдлэг, мэдээллийг түгээхэд чиглэсэн агуулгыг өргөжүүлэн багтаасан.
“Монголын төр, эрх зүй” сэтгүүл сүүлийн 20 жилийн турш Монгол Улсын хууль зүйн онолын сэтгэлгээг хөгжүүлэх, шүүхийн практикийн судалгааг дэмжих, хуульч судлаачдын мэдлэг, туршлага, эрдэм шинжилгээний үр дүнг түгээх чухал эх сурвалж байсаар ирсэн бол “Монголын шүүх, эрх зүй судлал” нэртэйгээр энэ үүргээ улам баяжуулан үргэлжлүүлэх болно.
Сэтгүүлийн редакцын зөвлөлд хууль зүйн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн, профессорууд, Улсын дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн танхим, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл, гадаадын эрдэмтэн профессорууд ажиллаж, нийтлэлийн чанарт мэргэжлийн түвшинд хянан магадалгаа хийж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж байна.
Тус Шүүхийн Академи энэхүү шинэчлэлийн хүрээнд хууль тогтоомжийг сайжруулахад хувь нэмэр оруулахуйц шүүхийн шийдвэр болон хууль тогтоомжийн судалгааг олон нийтэд хүртээмжтэй, шинжлэх ухааны суурьтайгаар хүргэх, шүүхийн үйл ажиллагааны ил тод байдлыг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ