“Шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэнд’’ сэдэвт сургалт зохион байгууллаа
2025-04-14 Админ Хандсан тоо: 356 Хуваалцах

Шүүхийн академи, Монголын шүүгчдийн холбоотой хамтран (Judicial well-being) буюу шүүхийн сайн сайхан байдал, шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлийн шүүгч-сургагч багш бэлтгэх эхний шатны сургалтыг “Шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч, Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн Д.Батбаатар нээж, энэхүү сэтгэлзүйн сургалт нь шүүгчийн ажлын ачаалал, сэтгэл зүйн тэнцвэртэй байдалд эерэг нөлөөтэйг онцоллоо.

Нийгмийн сэтгэл судлалын дээд сургуулийн багш Л.Бадамцэцэг “Шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд удирдан явуулсан бөгөөд ажлын байрны стрессээс үүдэлтэй ажлаас халшрах хам шинж, ерөнхийлөх болон хэвийнчлэх аргачлал, ажлын байранд сэтгэл зүйн тэнцвэрт байдлыг хэрхэн хадгалан авч явах зэрэг сэдвүүдээр онолын болон практик  мэдлэг туршлагаа хуваалцлаа.

Мөн “Тэвэр дүүрэн сэтгэл” сэтгэл зүйн төвийн Гүйцэтгэх захирал Б.Батчимэг “Ажлын байран дахь арт терапи’’ сэдэвт сургалтыг удирдаж, ажлын байран дахь стрессийн талаар ойлголт, түүнийг даван туулах аргууд болон өөрийгөө таньж мэдэх, хайрлахын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Шүүхийн академи дараагийн шатны сургалтыг тус сэдвийн хүрээнд 2025 оны зургаадугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сургалтыг Австрали улсын багш доктор Карли Шревер, Салли Райан нар удирдан явуулна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ