ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл” сэдэвт судалгаагаар илтгэл хэлэлцүүллээ
2025-03-24 Админ Хандсан тоо: 292 Хуваалцах
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас 2025 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулсан “Шийдвэр гүйцэтгэлийн нэгдсэн зөвлөгөөн-V” хэлэлцүүлэгт Шүүхийн академийн Захиргааны эрх зүйн секторын судлаачдын хийж гүйцэтгэсэн “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл” сэдэвт судалгааны бүтээлээр тус секторын эрхлэгч Н.Хулан илтгэл хэлэлцүүлэн оролцлоо.
Тус илтгэлд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, эрх зүйн зохицуулалт, харьцуулсан судалгааны үр дүнг танилцуулсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-д оруулсан өөрчлөлтүүд зэрэг үндсэн агуулгын хүрээнд мэдээлэл хүргэв. Тодруулбал шүүхийн шийдвэр гүйцэтгэлд захиргааны хэргийн шүүхийн үүрэг, тус байгууллагуудын хоорондын уялдаа холбоо болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус сайжруулах боломж хийгээд есөн орны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалжээ.
Судалгааны хүрээнд сүүлийн таван жилийн хугацаанд Захиргааны хэргийн нийт шүүхийн 700 гаруй гүйцэтгэх хуудас бичигдсэн шүүхийн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийхэд захиргааны акт болон захиргааны гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт холбогдох шийдвэрүүдэд хамгийн их гүйцэтгэх хуудас бичигдсэн байсан гэдгийг онцолж байв.
Монгол Улсын дээд шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам’’-д өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийг хэрхэн бичих талаарх зөвлөмжийг шинэчлэн боловсруулсан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хэрэгжихэд шүүхийн зүгээс дэмжлэг үзүүлэх нэгэн алхам болсон талаар мэдээлэл хүргэсэн юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ