ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүхийн академи Нидерландын Ассерийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
2025-03-24 Админ Хандсан тоо: 627 Хуваалцах
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид Бенилюксын орнуудад хийх ажлын айлчлалын хүрээнд Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зочилж, Олон улсын болон Европын хуулийн судалгааны төв болох Ассерийн хүрээлэнгийн Академик сургалт хариуцсан захирал Др. Кристоф Паулуссен болон удирдах зөвлөлийн гишүүн, Др. Каспер Вролийк нартай уулзав.
Уулзалтын үеэр Шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг Нидерландын Ассерийн хүрээлэнгийн сургалт хариуцсан захирал доктор Кристоф Паулуссен нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд хамтарсан симпозиум, коллоквиум, хурал, зөвлөгөөн, сургалт, судалгаа, семинар зохион байгуулах, оролцогч улсын шүүхийн тогтолцооны талаар мэдээлэл авах зорилгоор холбогдох шүүхийн байгууллагатай танилцах, мэргэжилтэн, сургалтын ажилтан солилцох, сургалтын хөтөлбөр хамтран боловсруулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.
Талуудын хамтын ажиллагааны эхлэл болгож, Нидерландын Лейден Их сургуулийн профессор Тон Лейфаард 2025 оны 06 дугаар сард манай улсад зохион байгуулагдах олон улсын хуралд зочин илтгэгчээр оролцохоор боллоо.
Санамж бичиг байгуулах энэхүү арга хэмжээнд Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Б.Батцэрэн, Н.Баярмаа нар болон Нидерландын Хаант Улсад хавсран суугаа Элчин сайд Л.Болд нар байлцав.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ