ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагатай танилцаж, судалгаа хэлэлцүүллээ
2025-03-24 Админ Хандсан тоо: 301 Хуваалцах
Шүүхийн академийн Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, “Бага насны хүүхдэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох талаарх судалгаа”-г танилцууллаа.
Судалгаагаар 2022-2024 оны шүүн таслах ажиллагааны тоон мэдээллийг авч үзэхэд гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас хүрсэн ба 18 нас хүрээгүй байсан этгээдүүдэд хорих ялыг хамгийн их оногдуулсан байна.
Мөн насанд хүрээгүй хүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн өмнөх шатанд прокурор, шүүхийн шатанд шүүх тус тус хэрэгсэхгүй болгож байгааг онцлоод Шүүхийн академийн Судалгааны төвөөс өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаарх судалгааг гүйцэтгэж байгаа гэдгээ хэлсэн юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь 1948 оноос “Хүүхдийн колони” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 2016 оноос эхлэн Хонхор тосгонд байршиж, холбогдох захиргааны байгууллагын шийдвэрээр хүмүүжигчдэдээ бүрэн дунд боловсрол эзэмшүүлдэг байна. Түүнчлэн англи хэл, мэдээллийн технологи, зураг, хөгжим, шатар, эсгий урлал, талх нарийн боов, сэтгэл зүй, зан чанар зэрэг хичээлээс гадуурх сургалтад хамруулдаг аж.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүлийн бодлогын газар зэрэг байгууллагууд болон Хүний эрхийн форумын гишүүн байгууллагын төлөөллүүд оролцож тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах, улмаар хууль хэрэгжүүлж буй бодит нөхцөл байдалтай танилцаж, дүн шинжилгээ хийх, эрх зүйн хувьд ямар зохицуулалт шаардлагатай байгаа талаар холбогдох талуудтай зөвшилцөн, мэдээллээ нэгтгэлээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ