Шүүх тогтолцоо, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх Европын сайн туршлагыг судалж байна
2025-03-18 Админ Хандсан тоо: 207 Хуваалцах

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024-2026) төслийн хүрээнд Шүүх эрх мэдлийн байгууллагын хэвлэл мэдээлэл болон ИНБ-ын хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах арга зүйд суралцах олон улсын туршлага судлах үйл ажиллагааг Холбооны Бүгд Найрамдах Герман болон Бельгийн хаант улсад 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Туршлага судлах аяллын бүрэлдэхүүнд Шүүхийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Оюуны инноваци ТББ, Gogo.mn сайт, Ханнс-Зайделийн сан болон ОУЭЗХБ-ын төлөөлөл багтаж байгаа бөгөөд Бавари мужийн Мюнхен хотын Дүүргийн Шүүх болон шүүхийн Хэвлэлийн алба, Бавари мужийн Хууль зүйн яам, Сэтгүүлчдийн холбоо, Шинэ хэвлэл мэдээллийн төв, Ерөнхий прокурорын газрын Хэвлэлийн алба, болон Бельгийн Хаант Улсын Брюссель хотын Европын бодлогын судалгааны төв, Европын гадаад харилцааны алба, Европын Парламент, Европын Зөвлөл зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, шүүхийн ил тод, хариуцлагатай тогтолцоог төлөвшүүлэх, шүүх, хэвлэл мэдээлэл, ИНБ-ын хооронд үр дүнтэй харилцааны сувгийг бүрдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын шүүх эрх мэдлийн тогтолцоотой танилцан, туршлага судалж байна.

Энэхүү туршлага судлах аяллын хүрээнд шүүх эрх мэдлийн байгууллагын олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэл хүргэх тогтолцоог бэхжүүлэх замаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх мөн шүүхийн талаар мэдээ, мэдээллийг ойлгомжтой, энгийн байдлаар хүргэх хэвлэл мэдээлэл, ИНБ-тай хамтран ажиллаж, хамтын ажиллагааны стратеги болон олон нийттэй харилцах арга зүйг тус тус боловсруулах зорилготой аж. Үүний зэрэгцээ Европын Холбооны шүүх, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын хооронд туршлага солилцон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөөд буй. 

Тус төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Шүүхийн сахилгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын хуульчдын холбоо болон иргэний нийгмийн төлөөлөл болох Хэвлэлийн хүрээлэн, Глоб Интернэшнл Төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа ба иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл болон шүүх эрх мэдлийн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, шүүхийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх нэг зорилгын нэгдэн ажиллаж байна. Түүнчлэн төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын эрх зүйн боловсролыг нэмэгдүүлж, хүний эрхийн талаарх ойлголтыг сайжруулж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тайлбарлах сэтгүүл зүй болон шүүхийн сэтгүүл зүйн аргад суурилсан хэргийн тойм мэдээ бэлтгэх, хэвлэл мэдээллийн бүтээлд хүний эрх, жендерийн мэдрэмжтэй хандах чиглэлээр чадавхыг бэхжүүлэх юм.