ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Менторшип-2025’’ хөтөлбөр эхэллээ
2025-02-12 Админ Хандсан тоо: 165 Хуваалцах![](/media/news/img/c83c36b9-bdf5-4f2b-a9e3-54902e44b383_RyTfEqx.jpg)
Шүүгчээр ажиллаж мэргэжил ур чадварын хувьд туршлагатай болсон шүүгчид өөрийн мэдлэг туршлагаа шинэ, залуу шүүгчдэд хуваалцаж, ажлын байрандаа дасан зохицох, шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулдаг ‘’Менторшип-2025 хөтөлбөр’’ эхэллээ.
Нээлтийн үеэр Шүүхийн академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа “Менторшип-2025” хөтөлбөрийн зохион байгуулалт болон холбогдох бусад мэдээллийг нийт шүүгчид хүргэж, хөтөлбөрийг жилийн турш үргэлжлүүлэхээр төлөвлөсөн талаар онцолсон юм. Ментигээр хамрагдах хүсэлтэй шүүгчдийн хүсэлтийг 2025 оны 6 дугаар сар хүртэл нээлттэй болгосноор шинэ, залуу шүүгчдэд илүү боломжийг нээж өгч байна гэлээ.
2024 оны хөтөлбөрт ментороор ажилласан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар хөтөлбөрийн үр дүн, анхаарах шаардлагатай зүйлс, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаан дах өөрийн туршлага, арга барилын талаар хуваалцсан бол ментигээр хамрагдсан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ хөтөлбөрт хамрагдсанаар олж авсан ур чадвар, суралцсан зүйлс нь ажил амьдралд нь хэрхэн эергээр нөлөөлж байгаа талаараа туршлагаа хуваалцаж байлаа. Энэ удаагийн “Менторшип-2025” хөтөлбөрт 11 ментор шүүгч, 16 менти шүүгч хамрагдаж өнөөдрөөс харилцан суралцах энэхүү хөтөлбөр эхэллээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ