Шүүхийн хараат бус байдалдаа халдсан Польш улс хямралт нөхцөл байдалд байсаар байна
2025-01-29 Админ Хандсан тоо: 336 Хуваалцах

“Хууль ба шударга ёс” нам 2015-2023 онд засаглаж байх 8 жилийн хугацаандаа шүүх засаглалын эсрэг ихээхэн шүүмжлэлтэй мэдэгдлүүдийг хийж, шүүх эрх мэдлийг шинэчлэх зорилгын хүрээнд 2019 оны сүүлээр Польшийн Сейм (англ. Sejm) буюу парламентаас шүүхийн бүтэц, үйл ажиллагааг жигдрүүлэх үүднээс “Хазаарлагч хууль” (англ. Muzzle law) гэдгээрээ танигдсан хуулийг баталсан.

Энэхүү хуулиар эрх баригч намын мөрийн хөтөлбөрийг шүүмжилсэн шүүгчдийн эсрэг сахилгын хэрэг үүсгэх, шинэ шүүгчдийн томилгоо болон шүүх засаглалын хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлогыг шүүмжилсний төлөө засгийн газраас шүүгчийг ажил үүргээс нь шууд чөлөөлөх, цалингийн хэмжээг хасах зэрэг зохицуулалтуудыг оруулж ирсэн байдаг. 2015 оноос хойш шүүх эрх мэдлийн хараат бус байдалд удаа дараа халдсан энэхүү үйлдлүүдэд Европын Холбооноос шүүхийн шинэчлэл нь шүүхийн хараат бус байх зарчмыг зөрчиж, тус улсын Европын холбооны гишүүнчлэлийн статуст ч халтайг анхааруулж ирсэн ч Польшийн төрийн эрх баригчид тус анхааруулгыг төдийлөн анхаараагүй.

Сүүлийн жилүүдэд эрх баригч нам 3,000 орчим шүүгчийг томилж, өөрсдийнх нь эсрэг байр сууриа илэрхийлсний хариуд хариуцлага тооцож ирсэн. Үүнд Европын Холбооноос Польшийн шүүхийн хараат бус байдлыг зөрчсөн гэж үзэн Засгийн газраас шүүгчийн томилгоонд хөндлөнгөөс оролцож буйг буруушааж, Польш улсад олгох ёстой хэдэн арван тэрбум еврогийн тусламжийг царцаах хариу арга хэмжээг авсан байдаг. Сайшаалтай нь шинээр сонгогдсон Ерөнхий сайд Donald Tusk-ийн удирдсан засгийн газар тус улсын шүүхийн хараат бус байдлыг сэргээхээ амлаж, Европын Холбооны царцаасан санхүүжилтийг сэргээхийг зорьж байна.

ХАРААТ БУС ШҮҮХИЙН ТӨЛӨӨХ ОЛОН НИЙТИЙН ТЭМЦЭЛ

Польш улсын эрх барьж буй намаас шүүхийн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлууд нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг алдагдуулж байгааг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо, хороод, хуульчид, эрдэмтэн, судлаачид, шүүгч, прокурорууд болон иргэдийн зүгээс эсэргүүцэж, арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.

 Иргэний нийгмийн байгууллагууд шүүхийн хараат бус байдлыг хамгаалах, шүүх эрх мэдлийн салбарт оруулсан хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн, “Улс төрчдөөс ангид шүүх” гэх уриа бүхий жагсаалыг зохион байгуулсан байна. Тэр дундаа хуульчдын зүгээс шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хамгаалах зорилгын хүрээнд “Чөлөөт шүүх” гэх санаачилгыг хэрэгжүүлсэн ба иргэдэд эрх зүйн боловсрол олгох, шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэж буй ажлыг тайлбарлахыг зорьж богино хэмжээний видео бичлэг, нийтлэлийг гаргажээ.

Харин прокуроруудын зүгээс 2017 онд шүүгчид жагсаал хийж эхлэхэд прокурорууд жагсаалд нэгдэж, шүүгч нартай хамт Польш улсыг тойрон Үндсэн хууль, түүний үзэл баримтлал, өнөөгийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлэг хийсэн байна. Мөн хуульч, өмгөөлөгч тэр дундаа шүүгч, эрдэмтэн нараас бүрдсэн хүмүүс Польшид “Хууль дээдлэх ёс” цахим хуудсыг ажиллуулж, Польшид болж буй үйл явдлын талаарх мэдээллийг Европын холбооны байгууллага болон гадаад улсад нээлттэй дамжуулан тэмцжээ.

Эх сурвалж:

1. https://judicature.duke.edu/articles/the-collapse-of-judicial-independence-in-poland-a-cautionary-tale/

2. https://www.npr.org/2024/02/26/1232834640/poland-courts-judicial-reform-donald-tuskЭх сурвалж:

3. Marcin Mrowicki, All Rise: Judicial Resistance in Poland, 2024