Төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол хуульд заасан хариуцлага хүлээнэ
2025-01-29 Админ Хандсан тоо: 191 Хуваалцах

Улсын дээд шүүхийн 2024.02.06-ны өдрийн 001/ХТ2024/00029 дугаар тогтоол

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Д нь Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа ажилтан Г-г ажлаас нь чөлөөлсөн байна. Шүүх ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэж үзэж, ажилгүй байсан хугацааны олговрыг Г-д төрөөс олгосон. Прокурорын газар төрөөс олгосон олговрыг буруу шийдвэр гаргасан Д-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Харин хариуцагч Д-с нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Шүүхээс намайг мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байснаас үүдэн маргааныг өөрийн биеэр шийдвэрлэж чадаагүй, хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаа нь олговрын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрнө” гэж маргасан байна.

Хяналтын шатны шүүхээс: төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ гэж дүгнэжээ. Тодруулбал, хариуцагч өөрөөс нь шалтгаалахгүйгээр Г-г ажилд эгүүлэн томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн.  Өөрөөр хэлбэл, гэм хорын хохирлын хэмжээ нэмэгдэхэд хариуцагчийн шууд санаатай буруутай үйлдлээс шалтгаалаагүй зарим нөхцөл байдал тогтоогдсон байхад гэм хорын хохирлын хэмжээ нь бүхэлдээ хариуцагчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалсан гэж үзэх нь хуульд нийцэхгүй юм. Иймд гэм бурууд хамаарах шалтгаант холбоо, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээг зөв тогтоож, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шийджээ. 

Энэхүү тоймтой холбоотой шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээг  энд дарж уншина уу. 

Тоймыг бэлтгэсэн: Шүүхийн академи