ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
2018 ОНД УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС “ЭРДЭНЭТ 49 ХУВЬ”-ТАЙ ХОЛБООТОЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ПРОЦЕСС
2025-01-10 Админ Хандсан тоо: 158 Хуваалцах
Шүүхийн академиас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийн талаар олон нийтийг үнэн, зөв мэдээллээр хангах үүднээс тус хэрэгтэй холбоотой ‘’Захиргааны эрх зүйн маргаан’’-ууд хэрхэн явагдаж, ямар шийдвэр гаргасан талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй холбоотой захиргааны эрх зүйн маргаан нь 2018 оны 09 сарын 19-ны өдрийн 329 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн.
Энэхүү маргааны талаар товч сануулахад: Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2016 оны 06 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжууд тус тус зөрчсөн байсныг илрүүлж, Улсын Их Хурал 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 23 дугаар тогтоолыг хэлэлцэн баталсан.
Энэхүү тогтоолоор Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Засгийн газар холбогдох үйл ажиллагаа явуулж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлэн, дүрмийн зарим заалтын өөрчлөлт болон захирлыг өөрчилж, улсын бүртгэлийн гэрчилгээг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авсан.
Гэвч “Монголиан Коппер Корпорейшн” ХХК нь УИХ-ын 23 дугаар тогтоолоор тус компанид шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийг хангуулахтай холбоотой захиргааны акт буюу Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж захиргааны хэргийн шүүхэд Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан 13 шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргасан.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
Улсын дээд шүүх нь 2017 оны 10 сарын 09-ны өдрийн 358 дугаар тогтоолоор “...нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааны үйл баримт тус бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ. Ингээд тус маргаан нь анхан болон давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцэгдэж, УДШ-ийн 2018 оны 09 сарын 19-ны өдрийн 329 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэрээр Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолд заасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нэхэмжлэгч “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах, тэдний тайлбарыг сонсох, захиргааны актыг мэдэгдэх зэрэг ажиллагааг явуулалгүй, хэлцэл хийх замаар төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулаагүй нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, түүний эрхийг зөрчсөн талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзсэн байна.
Шүүхийн шийдвэрийг энд дарж үзнэ үү.
Шүүхийн шийдвэрийг энд дарж үзнэ үү
Мөн Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан дараах шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна” гэж үзсэн.
Илт хууль бус болохыг тогтоосон:
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал,
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 07 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалтууд,
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд,
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Монголросцветмет” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдэл.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон:
2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай шаардлага.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон:
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага.
ШҮҮХИЙН АКАДЕМИ