ШҮҮХИЙН АКАДЕМИД АВСТРАЛИ УЛСЫН ФЛИНДЕРСИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН ДАДЛАГА ХИЙЖ БАЙНА
2025-01-10 Админ Хандсан тоо: 177 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академид Австрали улсын Флиндерсийн их сургуулийн хууль зүйн бакалаврын чиглэлээр суралцаж буй оюутан Моника Домараки 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай  дадлага хийж  байна. Тэрээр Шүүхийн судалгааны төвийн Иргэний эрх зүйн секторт судлаачаар дадлагажин ажиллаж  Монгол, Австрали улсын шүүхийн тогтолцоо, эрх зүйн системийн талаарх харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэж байгаа  юм.

Моника Домараки хэлэхдээ: Би  хүүхэд наснаасаа эхлэн Монгол Улс руу аялах мөрөөдөлтэй байсан. Ялангуяа  Монгол улсын үндэсний соёл,  аж амьдрал болон Чингис хааны түүхийг ихээр сонирхдог. Монгол улсад байх хугацаандаа Чингис хааны музей болон бусад урлаг соёлын газруудтай амжиж танилцахаас гадна сургуулиа төгсөөд Өмнөд Австралийн дээд шүүхэд ажиллахаар төлөвлөж байгаа учраас дадлагын ажилдаа түлхүү анхаарч судлаачидтай хамтран ажиллан аль болох их зүйлийг мэдэж авахаар хичээж ажиллана гэлээ.

Шүүхийн академийн хамт олон Монгол улсын соёлын салшгүй нэг  хоолны соёлыг таниулсан “Монгол хоолны өдөрлөг”-ийг зохион байгуулсан бөгөөд  энэ үеэр Моника Домараки: Халуун дотноор угтаж авсан Шүүхийн академийн найрсаг хамт олонд баярлаж байна, хамтран гүйцэтгэх судалгааны ажлууд үр өгөөжтэй болно гэдэгт итгэлтэй байна гэж байв. Шүүхийн академи нь дэлхийн олон орны шүүхийн тогтолцоо, шийдвэр гаргалтыг судалдаг учраас цаашид илүү олон орны оюутан дадлагажигчдыг хүлээн авч хамтран ажиллахаар төлөвлөж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ