ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ПРОЦЕСС
2025-01-09 Админ Хандсан тоо: 98 ХуваалцахЭрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг олны анхаарлын төвд байна.Энэхүү хэрэгтэй холбоотой шүүх хурлууд хэрхэн явагдаж ямар шийдвэр гаргасан,явц ямар байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой буюу “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК болон “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй холбоотой захиргааны эрх зүйн маргааныг 2018 онд УДШ-ээс, “Эрдэнэт 49 хувь”-тай холбоотой нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас үүссэн гэм хорыг шаардах тухай иргэний эрх зүйн маргааныг 2019 онд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх эцэслэн ШИЙДВЭРЛЭСЭН.
/Шүүхийн шийдвэрүүдийг энд дарж үзнэ үү/
Хэргийн талаар товч сануулахад: Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын Холбооны Улсад хамаарах 49 хувийг эзэмшиж буй “Ростех” корпорац өөрийн хувьцааг Монгол Улсын Засгийн газарт зарах санал ирүүлснийг 2016 онд тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгээр удирдуулсан Засгийн газрын бүрэлдэхүүн хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж 330 дугаар тогтоол гарган Улсын Их Хуралд танилцуулахгүйгээр хууль зөрчиж бие даан “худалдан авах эрхээсээ татгалзаж” шийдвэрлэсэн. Улмаар “Монголиан Коппер Корпорейшн” ХХК 400 сая доллароор Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг худалдаж авсан байна.Тус компани уг 400 сая долларыг бүрдүүлэхдээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг концессын гэрээгээр эзэмшиж байсан “Кью Эс Си” ХХК болон “Рийвэрстон пропертис” ХХК, “Юнайтед энержи систем” ХХК, “Канетик” ХХК зэрэг хуулийн этгээдүүдээс татан төвлөрүүлсэн ба нэр дурдсан хуулийн этгээдүүдэд Худалдаа хөгжлийн банкнаас зээл олгосон гэж мэдэгджээ.
Дээрх хувьцаа худалдаж авсан үйлдлийг Улсын Их Хурлаас байгуулсан “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг шалгах ажлын хэсэг” хууль зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг төрийн өмчлөлд шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэртэй холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэж, эцэслэн шийдвэрлэгджээ. Харин тус хууль бус шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон байж болзошгүй этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
ТУС ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2 УДАА, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭР 2 УДАА, УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭР 1 УДАА ТУС ТУС ХЯНАН ХЭЛЭЛЦЖЭЭ.
1. 2020 оны 08-р сарын 27-ний өдөр эхний шүүх хуралдаан болсон байна. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хурлаар нэг шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож ,таван шүүгдэгчид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж , шүүгдэгч Д.Э, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэртэй энд дарж танилцана уу.
2. 2021 оны 1 сарын 19-ний өдөр гэм буруутайд тооцогдсон иргэн Д.Э, Б.Б нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хоёр дах шатны шүүх хуралдаан болсон. Уг шүүх хуралдаанаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Э, Б.Б нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэртэй энд дарж танилцана уу.
3. 2021 оны 6 сарын 30-ны өдөр иргэн Д.Э, Б.Б нарын Улсын дээд шүүхэд гаргасан гомдлын дагуу гурав дах шатны шүүх хуралдаан болж, дараах хоёр үндэслэлээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.
Нэгдүгээрт: Шүүгдэгч Д.Эрдэнэбилэг нь
МУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж,
МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг,
ХХБ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг,
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон,
“Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар,
“Монголиан Коппер Корпорейшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нартай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн талаар яллах дүгнэлтэд тусгагдсан атал зарим яллагдагч нарыг тусгаарлан шүүхэд шилжүүлээгүйгээс үйлдэгдсэн гэх гэмт хэрэгт үйл баримтын болон хууль зүйн дүгнэлт хийх бололцоогүй нөхцөл байдал үүссэн.
Хоёрдугаарт: Нотлох баримт хангалтгүй буюу шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн хохирол, хор уршгийг эргэлзээгүйгээр бодитой тогтоох, хохирлыг хэнээс, ямар хөрөнгөөс гаргуулах, тус хэрэгт иргэний хариуцагч хуулийн этгээд хэн болох зэрэг асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай баримт нотолгоо цуглаагүй гэж үзсэн байна.
Үүний дараа Нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна.
ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙВ
Хэргийн оролцогч нарын хүсэлтийн дагуу 2023 оны 12-р сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүгчийн захирамжаар хэргийг доорх үндэслэлүүдээр прокурорт буцаан шийдвэрлэжээ.
Нэгдүгээрт: Уг хэрэгт шүүгдэгч Д.Э нь бусадтай хамтран үйлдсэн хэмээн яллагдагчаар татагдсан боловч, Д,Э, Ч.С, М.М нар нь Монгол Улсын хилээр гарсан буюу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан баримтыг хэрэгт хавсаргасан байна. Эдгээр этгээдүүдэд холбогдох хэргийг нэгтгэн шүүхэд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн.
Хоёрдугаарт: Яллагдагчаар татагдсан хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг хуульд заасан журмыг зөрчиж томилсон.
Гуравдугаарт: Шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
ХОХИРОГЧ БОЛОН ЯЛЛАГДАГЧ НАРЫН ГАРГАСАН ДАВЖ ЗААЛДАХ ГОМДЛЫН ДАГУУ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН № 623 МАГАДЛАЛ ГАРГАЖЭЭ
Үүнд “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй. Хэргийн бодит байдлыг гагцхүү шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан тул гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг урьдчилан дүгнэж тогтоох боломжгүй.” Хууль ёсны төлөөлөгчийн буруу тогтоосон асуудал нь хэргийг буцаах үндэслэл болохгүй.Холбогдох мөрдөн шалгах ажиллагааг мөрдөн байцаалтын явцад гүйцэтгэсэн учир дахин гүйцэтгүүлэх шаардлагагүй хэмээн дүгнэж анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Улмаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нараас хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар уг гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Учир нь Улсын дээд шүүх нь Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 хэсгийн 25.7.5 дахь заалтад зааснаар 1) шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; 2) хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; 3) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; 4) эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг холбогдолтой гэх үндэслэлийн аль нэгийг хангасан тохиолдолд л гомдлыг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэнэ.
Ийнхүү хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүгчийн 2023 оны захирамжийг хүчингүй болгосон 2024 оны № 623 дугаар магадлал хүчин төгөлдөр хэвээр үлдсэн байна.
ДҮГНЭЛТ:
Хэрэг хяналтын шатны шүүхэд нэг удаа, давж заалдах шатны шүүхээр хоёр удаа хэлэлцэгдэж, прокурорт хоёр удаа буцсан бөгөөд гэм бурууг тогтоох шүүх хурал явагдаагүй буюу хэргийн нотлох баримт хангалтгүй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан гэж шүүх дүгнэжээ. Одоогийн байдлаар тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь анхан шатны шүүх буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн байна.
Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг маргааны шүүхийн процессыг доорх зураглалаар харна уу.
