Мал хулгайлах гэмт хэрэг, алдуул мал завших гэмт хэргийн ялгаа
2024-12-11 Админ Хандсан тоо: 71 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Иргэн Ч нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Д-ийн өмчлөлийн 24 тооны үхрийг авч 10450000 төгрөгийн хохирол, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүлэгт” нэртэй газарт бэлчээрт байсан хохирогч Г-ийн 15 тооны үхрийг авч 9500000 төгрөгийн хохирол, хохирогч Ш-ийн 2 тооны үхрийг авч 800000 төгрөгийн хохирол, хохирогч Т-ийн 11 тооны үхрийг авч 7500000 төгрөгийн хохирол, хохирогч М-ын 2 тооны үхрийг авч 1000000 төгрөгийн хохирол  учруулсан буюу нийт 54 тооны малыг авч бусдад 29250000 төгрөгийн хохирол учруулсан байна.   

Прокуророос Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэхүү гэмт хэрэг бусдын өмчлөлийн малыг хууль бусаар, хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууцаар авч өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.

Шүүгдэгч Ч нь би хүний үхэр аваагүй. Үхэр нь манай үхэртэй холилдчихсон байсан. Хэний үхэр гэдгийг мэдэхгүй. Мөн түүний өмгөөлөгч Ш нь үхрийг алдуул мал гэж дүгнэж байгаа боловч

Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Эзэн тодорхойгүй олон тооны үхрийг өөрийн өмчийн адил захиран зарцуулсан нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хүний үхэр аваагүй. Үхэр нь манай үхэртэй холилдчихсон байсан. Хэний үхэр гэдгийг мэдэхгүй” гэж мэдүүлж шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэлийн талаар маргасан. Шүүх Ч-ийн мэдүүлгийг үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь Энэ тохиолдолд буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй малын талаар Ч нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” байсан. Энэ үүргээ биелүүлээгүй, орон нутгийн захиргаа цагдаагийн байгууллагад тэмдэглүүлээгүй шууд өөрийн болгож захиран зарцуулсан нь хулгайн гэмт хэрэг гэж үзэж Ч-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүхээс дүгнэсэн.   

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван жил зургаан сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Тойм бэлтгэсэн: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал