ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүхийн академи 2025 оны шүүгчийн сургалтын сэдвүүдээ хэлэлцүүлэн баталлаа
2024-12-10 Админ Хандсан тоо: 252 ХуваалцахШүүхийн сургалт судалгаа, мэдээллийн академи Сургалтын хөтөлбөрийн хорооны энэ оны сүүлийн хуралдаанаа 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн хуралдаанаар 2025 онд зохион байгуулах шүүгчийн сонгон болон заавал судлах сургалтын сэдвүүдийг салбар эрх зүй тус бүрээр байгуулагдсан ажлын хэсгүүд танилцуулан хэлэлцүүллээ. Тодруулбал Үндсэн хууль, шүүгчийн ёс зүйн чиглэлийн сургалтын хөлбөрийн танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан, Иргэний эрх зүйн чиглэлийн шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Улсын дээд шүүхийн шүүгч Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Захиргааны эрх зүйн чиглэлийн шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа нар тус тус танилцуулж, Хорооны гишүүдийн олонхын саналаар сургалтын хөтөлбөрүүдийг батлахад санал нэгдсэн бол Эрүүгийн эрх зүйн чиглэлээр зохион байгуулах сургалтын сэдвүүдийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек танилцуулж, гишүүдээс сургалтын сэдэв нэмэх санал гаргасны дагуу дараагийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тогтлоо. Мөн хорооны гишүүдээс салбар дундын сонгон судлах сургалтуудын сэдвүүдийг нэмэлтээр санал болгох боломжтой гэдгийг илэрхийлж байв.
Түүнчлэн 2025 онд Шүүхийн академи болон Азийн сан, Шүүгч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах сургалтын сэдвүүдийг хэлэлцүүлсэн юм.
Хуралдааны төгсгөлд Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг 2024 онд Шүүхийн сургалтын төвөөс зохион байгуулсан сургалтуудын статистик тоон мэдээллийг танилцуулж, энэ онд Хөтөлбөрийн хорооны хурлаар нийт 32 хөтөлбөр батлагдаж, 30 хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулан, хоёр хөтөлбөрийн сургалтыг 2025 он зохион байгуулахаар төлөвлөж буй тайлан мэдээг гишүүдэд хүргэсэн бөгөөд Сургалтын хөтөлбөрийн хорооны хамтран ажилласан нийт гишүүдэд талархал илэрхийлэв.
Тус хуралдаанд нийт 12 гишүүн оролцсоноос 8 нь танхимаар 4 гишүүн цахимаар оролцлоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ