ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ГАЗАР ЭЗЭМШИХ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ ГАРААШИЙГ ӨМЧЛӨХ ЭРХ ХУУЛЬ ЁСНЫ ДАГУУ ҮҮССЭН, ДУУСГАВАР БОЛООГҮЙ БОЛ ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ
2024-12-04 Админ Хандсан тоо: 76 ХуваалцахНэхэмжлэгч нь 2006 онд гарааш худалдан авчээ. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны шийдвэрээр “нэхэмжлэгчийн эзэмшлийн 13 м.кв талбай бүхий гараашны газарт газар эзэмших захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах тухай” шаардлагыг хангасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны магадлалаар хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болжээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2012 онд Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид дээр дурдсан 13 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрхийг олгож, улсын бүртгэлийн байгууллага гараашийг 2012 онд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ. Газар эзэмших эрхийн хугацаа 2017 онд дуусгавар болох үед Нийслэлийн Засаг дарга холбогдох захирамжаар нэхэмжлэгчийн дээрх газрын эзэмших эрхийг 15 жил байхаар сунган, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин олгосон байна.
Гэвч Нийслэлийн Засаг дарга 2022 оны захирамжаараа “нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх” байршлуудыг хавсралтаар баталсан ба уг захирамжид нэхэмжлэгчийн гараашны газар багтжээ.
Иймд нэхэмжлэгчээс “... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хууль ёсны зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан, газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, эрх бүхий байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй гараашны газрыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэж, хариуцагчаас “ ... иргэний газар эзэмших эрх дуусгавар болоход иргэн уг газрыг чөлөөлөх үүрэгтэй, маргаан бүхий захирамж үндэслэл бүхий захиргааны акт болно” хэмээн тус тус маргажээ.
Хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.