ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ШҮҮХИЙН АКАДЕМИ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА (IDLO)-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-27 Админ Хандсан тоо: 288 ХуваалцахОлон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-аас хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн нээлтийн арга хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болж, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллагууд Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус төслийн хүрээнд Иргэний нийгмийн байгууллага, Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагааны нөхцөл байдлын суурь болон төгсгөлийн судалгааг боловсруулах, Шүүхийн байранд иргэдэд хууль зүйн зөвлөн туслах үйлчилгээ өгөх эрх зүйн хөтчийг туршилтаар ажиллуулах, Хэвлэл мэдээллийн байгууллагын 25 төлөөллийг хууль эрх зүй, шүүхийн тогтолцоо, хүний эрхийн талаар суурь мэдлэг олгох болон хэргийн тойм мэдээ бичих ур чадвар олгох сургалтад хамруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн зөв, ялгаварлан гадуурхалтгүй, хүний эрхийг дээдэлсэн тайлан мэдээ бэлтгэх зөвлөмжийг боловсруулах зэрэг шат дараатай ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгч Н.Баярмаа хэлсэн үгэндээ: Шүүхийн бие даасан ил тод байдал, шүүгчийн хараат бус байдлын хүрээнд шүүх эрх мэдлийн байгууллагуудын дотоод хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэ төслийн өөр нэг ач холбогдол оршиж байна гэдгийг онцолж байлаа. Мөн төсөл хэрэгжиж дуусах тэр өдөр оролцогч байгууллагууд нэгдэн, төслийн үр нөлөөг хэлэлцэх үедээ жагсаан хэлэх эерэг үр дүн олон байна гэдэгт итгэж байна гэв.
ШЕЗ-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа “Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”, Оюуны инновац ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Төрболд “Шүүхийн нээлттэй, ил тод байдал’’, Хэвлэлийн хүрээлэн ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Хэвлэл мэдээлэл ба шүүх” зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьсан бол Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Боллан болон Төслийн зохицуулагч Б.Баясгалан нар тус төслийн талаар танилцуулга хийв.
Монгол Улсад 2024-2026 оны хооронд хэрэгжих тус төслийг Европын холбооноос санхүүжүүлж байгаа бөгөөд Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) Иргэний нийгмийн байгууллага, болон Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Шүүх эрх мэдлийн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн шүүхийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх ингэснээр хууль дээдлэх ёсны тогтолцоо сайжирч, хууль шүүхийн байгууллагад итгэх иргэд олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгыг тавин ажиллах юм.
Төслийн хүрээнд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи, Шүүхийн сахилгын хороо, Хууль зүй дотоод хэргийн яам, Монголын хуульчдын холбоо, Хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэшнл ТББ-ууд хамтран ажиллана.
Бичлэгийг энд дарж үзнэ үү.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ