ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН СУДЛААЧИД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ БОЛОН МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР АНУ-ЫН ТУРШЛАГА СУДЛАВ
2024-11-21 Админ Хандсан тоо: 263 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Авлигатай тэмцэх болон мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн удирдагч багшаар АНУ-ын Калифорни мужийн дүүргийн шүүхийн шүүгч Роберт С.Хуи ажилласан бөгөөд тэрээр 12 жил прокуророор ажилласнаас санхүү болон авлига, албан тушаал, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргүүд дээр түлхүү ажиллаж байжээ. Тэрээр “Авлигын соёлыг дэлгэрүүлж, олон нийтийн дунд хэвшмэл ойлголт төрүүлэх нь энэ төрлийн гэмт хэргийн сэдлийг улам нэмэгдүүлдэг’’ хэмээн онцолж байлаа.
Ноён Роберт С. Хуи авлига, албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах болон залилангийн гэмт хэргийн талаар өөрийн орны хууль, эрх зүйн орчин, шүүхийн практикийн талаар АНУ-ын шүүхийн сонирхолтой жишээ, тайлбар кэйс бүхий илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцогч судлаачдын төлөөлөлд танилцууллаа. Судлаачдын зүгээс авлигатай тэмцэх болон мөнгө угаах гэмт хэрэг АНУ-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар процесстой явагддаг, хөөн хэлэлцэх хугацаа, гэмт хэргийн суурь зохицуулалтууд зэрэг сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан мэдээлэл солилцон нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт Шүүхийн академийн Эрүүгийн эрх зүйн секторын судлаачид, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын судлаач, туслахууд, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүйн секторын судлаачид оролцсон юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг ноён Роберт С.Хуид хандан урилга хүлээн авч, өөрийн мэдлэг туршлагаас харамгүй хуваалцсанд талархал илэрхийлээд цаашид хамтран ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийлэв.
Энэхүү хэлэлцүүлэгт нийт 16 судлаач хамрагдлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ