ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШҮҮХИЙН АКАДЕМИ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
2024-11-19 Админ Хандсан тоо: 208 ХуваалцахМонгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл” хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тус хэлэлцүүлэгт Шүүхийн академийн судлаачдын хийж гүйцэтгэсэн “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлд холбогдох судалгаа”-ны үр дүн, саналыг тус Академийн Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч Н.Хулан танилцуулав.
Тус судалгаанд “2010-2017 онд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл харьцангуй сайн буюу дунджаар 62.6 хувийн үзүүлэлттэй байсан бол 2018-2023 онд биелэлтийн хувь хэмжээ 47.8 болж буурсан үзүүлэлттэй байна. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл буурч байгаа нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нарийвчилсан зохицуулалт хангалтгүй, шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага сул төдийгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь захиргааны байгууллага, албан тушаалтантай харилцахад хүндрэл бэрхшээл тулгардагтай холбоотой гэсэн судалгааны үр дүн гарсан” гэдгийг тодотгож байв.
Хэлэлцүүлгээр шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, өмгөөлөгч, прокурор, судлаач нар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцсон ба энэ удаагийн хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургууль болон хуульч, өмгөөлөгчдийн төлөөллүүд оролцов.
ШҮҮХИЙН СУДАЛГААНЫ ТӨВ