ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүгчид зориулсан гарын авлага хэвлэгдлээ
2026-10-12 Админ Хандсан тоо: 129 Хуваалцах
Шүүхийн академи Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” /2025-2030/ төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэл болон өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа” болон ”Гэр бүлийн эрх зүй ба гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт хоёр гарын авлагыг гэр бүл, хүүхдийн хэргийн шүүгч нарт зориулан хэвлүүлэн гаргалаа.
Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч нарт зориулсан “Гэр бүлийн хүчирхийлэл болон өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт гарын авлагын хүрээнд “Өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа’’ зэрэг агуулгаар өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх мэдлэг, эрх зүйн зохицуулалт, практик асуудлыг нэг дор системтэйгээр нэгтгэсэн хэрэглэгдэхүүн бий болгох зорилготойгоор боловсруулжээ.
Мөн (Restorative Justice) буюу нөхөн сэргээх зүй ёсны тухай ойлголт, өсвөр насны хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн онцлог, хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин, гадаад улс орнуудын туршлага, өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, тэдэнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, шүүхийн практик болон холбогдох судалгааны асуудлыг хамруулан үзсэн байна.
Харин иргэний хэргийн шүүхийн шүүгч нарт зориулсан ”Гэр бүлийн эрх зүй ба гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт гарын авлага нь “Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах”, “Гэр бүлийн эрх зүй /зарчим, гэрлэлт, дуусгавар болох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох харилцаа, үрчлэлт/” зэрэг агуулгын хүрээн боловсруулагдав. Уг гарын авлага нь гэр бүлийн хэрэгт хүүхдийн дээд ашиг сонирхлыг бодитой, хэмжигдэхүйц, шүүхийн шийдвэрт тусгаж хэрэгжүүлэхэд шүүгчид практик дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
Энэхүү гарын авлагуудын редактор болон зохиогчоор Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн нар ажилласан бол тус шүүхийн шүүгч Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд, Ц.Оч болон Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул, Улсын дээд шүүхийн судлаач туслах З.Янжинлхам, М.Бямбасүрэн нар зохиогчоор харин техник редактораар ОУЭЗХБ-ын сургагч багш, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, зөвлөх, доктор (Ph.D) У.Туяа, Шүүхийн академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа нар ажилласан байна.
Та бүхэн гарын авлагыг “Шүүгчийн цахим сургалтын систем” болон хууль зүйн их дээд сургуулиудын номын сангаас унших боломжтой.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ