ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2024-11-06 Админ Хандсан тоо: 459 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа мэдээллийн академи Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан мэргэшүүлэх сургалтыг орон нутгийн 6 бүсэд 9, 10 дугаар сард, 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд нийслэлд 6 ээлжээр тус тус зохион байгууллаа.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн мэргэшүүлэх сургалтын онцлог нь 1 ээлжийн сургалт 3 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд суралцагч шүүгчдийг цөөн тоогоор ангид хуваарилан зохион байгуулсан нь тэдний идэвх оролцоонд тулгуурласан илүү интерактив хэлбэрийн сургалт болж өндөрлөсөн юм.
Түүнчлэн сургалтын сэдэв нь шүүгчийн эрэлт, хэрэгцээнд тулгуурласнаас гадна 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” буюу “Долоодугаар бүлэг” шинээр нэмсэнтэй холбоотой хуулийн шинэлэг зохицуулалтыг нэг мөр ойлгон хэрэглэх талаар асуудлыг хөндсөн нь цаг үеэ олсон ач холбогдолтой байлаа.
Сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, тус шүүхийн шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, тус шүүхийн шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг, Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, Өмнөговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, тус шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн нар “Эдийн болон эдийн бус баялгийн эрх зүй дэх шинэлэг асуудлууд, шүүхийн практик”, “Өв залгамжлалын эрх зүйн шинэлэг асуудлууд, шүүхийн практик”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэлэг асуудлууд” сэдвээр тус тус удирдан явуулсан юм.
Шүүгчийн заавал судлах мэргэшүүлэх 2 багц цаг хангах энэхүү сургалтад Иргэний хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн нийт 234 шүүгч хамрагдлаа.
ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ТӨВ