ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ШҮҮГЧ НАР БОЛОН ШҮҮХИЙН АКАДЕМИЙН АЛБАН ХААГЧИД ЯПОН УЛСАД ТУРШЛАГА СУДАЛЛАА
2024-10-28 Админ Хандсан тоо: 865 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи нь Япон улсын Нагояагийн их сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төв (CALE)-тэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрүүдэд тус Академийн албан хаагчид болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа нар Япон улсад туршлага судлах сургалтад хамрагдав.
Энэхүү туршлага судлах сургалтын үеэр Япон улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн ахисан түвшний сургуулийн профессор Акиро Фүжимотогийн “Судалгааны арга зүй”, Аичи мужийн барын холбооны “Хэрэглэгчийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах” сэдэвт сургалтад тус тус хамрагдаж, Нагояа дүүргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны үйл явцыг хөндлөнгөөс ажиглан тус шүүхийн шүүгч нартай “Шүүхийн шийдвэрийн ил тод байдал” сэдвийн хүрээнд харилцан санал солилцов.
Мөн Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуульд зочлох үеэр Монгол Улсаас Япон улсад эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан, эрдэмтэн, судлаачдын хэрэгцээнд зориулан Шүүхийн академиас эрхлэн гаргасан номын дээжээс тус сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төв (CALE) дэх номын санд бэлэглэлээ.
Энэ удаагийн туршлага судлах сургалт нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхлэл бөгөөд энэхүү айлчлалын үеэр Академийн судлаачид болон шүүгч нарыг цаашид Япон улсад туршлага судлах сургалтад хамруулах мөн Нагояагийн их сургуулийн Хууль зүйн ахисан түвшинд суралцагсдын төлөөллийг Шүүхийн академид дадлага хийлгэх талаар харилцан тохиролцоонд хүрсэн юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ