ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ТЭРГҮҮЛСЭН ШҮҮГЧ НАР ЯПОН УЛСАД “СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2024-10-28 Админ Хандсан тоо: 633 ХуваалцахМонгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академитай хамтран Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан дотоодын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулсан билээ. Тус хурлын үеэр захиргааны хэргийн шүүгч нарын дунд зарласан эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд судалгааны сэдэв, ач холбогдол, эрх зүйн онолын мэдлэг, шинжлэх ухааны судалгааны арга зүйгээрээ шалгарсан 8 илтгэлийг хэлэлцүүлснээс шилдэг илтгэл хэлэлцүүлсэн шүүгчийг судалгааны арга зүйн сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн юм.
Шилдэг илтгэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн нарын “Res judicata зарчим ба захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах асуудал” сэдэвт илтгэл шалгарсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрүүдэд Япон улсын Нагояагийн их сургуульд судалгааны арга зүйн сургалтад хамрагдлаа.
Энэ үеэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга “Монгол улсын захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, Шүүхийн судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн “Монгол Улс дахь зөрчил, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны онцлог” сэдвээр Япон улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, оюутнуудад илтгэл хэлэлцүүлж, туршлага хуваалцсан юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ