ХОВОР АМЬТНЫ ЭД ЗҮЙЛИЙГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ХАДГАЛАХ, ХУДАЛДАХ, ТЭЭВЭРЛЭХ НЬ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОГДОНО
2024-10-22 Админ Хандсан тоо: 42 Хуваалцах

Шийтгэх тогтоолын дугаар: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 374 дугаар шийтгэх тогтоол.

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шүүхийн шийдвэрийн тойм дугаар №2024/06

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ү-д холбогдуулан ховор амьтан болох нэг бодгаль хүрэн баавгайн 4 ширхэг саврыг гэртээ хадгалсан, 1 ширхэг саврыг нь бусдад 700.000 төгрөгөөр худалдсан, үлдэх 3 ширхэг саврыг нь худалдан борлуулахаар тээвэрлэсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.

Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгджээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр нэг бодгаль хүрэн баавгай нь 12.450.000 төгрөг гэж үнэлгээг тогтоож, түүний эд эрхтэн нь /түүхий эд зүйл/ тусдаа үнэлэгдэхгүй байхаар тодорхойлсон байна.

 “Хууль бусаар ан агнах”-ыг эрүүгийн хуулиар хуульчилж тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсанхудалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, … бол …” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Шүүгдэгч Д.Ү-д холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл түүний гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн дээрх шинжүүдтэй тохирч, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл “хууль бусаар ан агнаагүй” буюу ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн хүрэн баавгайг “хууль бусаар” агнаагүй боловч түүний түүхий эд зүйлийг “тусгай зөвшөөрөлгүйгээр” хадгалсанхудалдсантээвэрлэсэн нь гэмт хэрэгт тооцогдох тул шүүхээс шүүгдэгч Д.Ү-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Түүнчлэн нэг бодгаль хүрэн баавгайн үнэлгээг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хоёр дахин өсгөж 12.450.000х2=24.900.000 төгрөг, хүрэн баавгайн 1 ширхэг саврыг бусдад худалдсаны үнэ болох 700.000 төгрөг, нийт 25.600.000 төгрөг гаргуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сангийн ... тоот дансад төвлөрүүлж, шүүгдэгч Д.Ү-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар хураан авч, эд мөрийн мөрийн баримтаар хураагдсан баавгайн 3 ширхэг саврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлж шийдвэрлэлээ.

Хураангуйг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.ЖАНЧИВНЯМБУУ