ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
БАРУУН БҮСИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН СУРГАЛТ, УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2024-10-17 Админ Хандсан тоо: 927 ХуваалцахШүүхийн академи Улсын дээд шүүхтэй хамтран шүүгчдийн заавал судлах, мэргэшүүлэх сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах болон анхан шатны шүүх, мөн аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгчид оролцон мэдлэгээ бататгаж, туршлага солилцлоо.
Энэ удаа Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, шүүгч Х.Батсүрэн, Б.Батбаатар, Н.Батчимэг нар Шүүх байгуулах тухай хууль батлагдаж 2025 оноос эрүү, иргэний хэргийн шүүх нэгдэж буйтай холбоотойгоор эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”, Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, шинэлэг зохицуулалт”, “Ерөнхий харьяаллын болон дагнасан шүүхийн хянан шийдвэрлэх маргаан, анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд нийт шүүгчдэд мэдээлэл хүргэн, тэдний санал бодлыг сонсон, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Түүнчлэн эрүү, иргэний хэргийн шүүгчдийн 2024 оны багц цаг хангах сургалтыг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, шүүгч Б.Батцэрэн нар “Авлигын гэмт хэргийн талаарх эрх зүйн шинэ зохицуулалтууд ба хэрэглэхэд анхаарах асуудал”, “Баривчлах ажиллагаа ба цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний шүүхийн хяналт”, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, П.Золзаяа нар “Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаар хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практик”, шүүгч П.Золзаяа, Н.Батчимэг нар “Эдийн болон эдийн бус баялгийн эрх зүй дэх шаардах эрх, шүүхийн практик”, “Өв залгамжлалын эрх зүйн шинэлэг асуудлууд, шүүхийн практик”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэлэг асуудлууд” зэрэг сэдвээр тус тус удирдан явууллаа. Харин Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд шүүгч Х.Батсүрэн, М.Батсуурь, Д.Батбаатар нар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” болон “Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалтыг Улсын дээд шүүхээс тайлбарласан үндэслэл” зэрэг сэдвийн хүрээнд нээлттэй ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.
Тус бүсчилсэн сургалт нь Хэнтий аймагт энэ оны 9 дүгээр сард зохион байгуулсан бүсийн уулзалт, сургалтын нэгэн адил эрүү-иргэний болон иргэн-захиргааны хэргийн шүүхийн аль алинд хамаарах асуудлыг хөндөж, дагнасан шүүхийн шүүгчдийг нэгтгэн хамруулснаар ач холбогдолтой байсныг онцлох нь зүй.
Энэхүү сургалт, уулзалтад нийт 52 шүүгч хамрагдав.