ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ХОТ СУУРИНГИЙН ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ ХӨНДСӨН ШИНЭ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ
2023-04-21 Админ Хандсан тоо: 339 ХуваалцахМонгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, хууль зүйн доктор (LL.D) Нямдоогийн Баярмаа “Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн хөгжил: Суурь зарчмыг нэгтгэх нь” сэдэвт докторын судалгааны ажил, “Арилжааны эрх зүйн зарим асуудал”, “Үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зарим асуудал” судалгааны бүтээлүүдээ хэвлүүллээ.
Шүүгч, судлаачийн докторын судалгааны ажил нь Монгол Улс дахь хот суурин газрын эрх зүйн хөгжил, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, тэдгээрийн суурь шалтгааныг цэвэр хувийн эрх зүйн, тэр дундаа өмчийн эрх зүйн үүднээс судалж газрын эрх зүйд өмчлөлийн хэлбэрээс үл шалтгаалах суурь зарчим, ойлголт, зохицуулалтын нэгдмэл байдал, дан ганц татвар, менежмент, байгаль орчны эрх зүйн асуудал бус, өмчийн эрх зүйн хүрээнд ч хангагдах учиртайг онцолжээ.
“Арилжааны эрх зүйн зарим асуудал” бүтээл нь хувийн эрх зүйн чиглэлээр, үнэт цаасны эрх зүй, бизнесийн байгууллага, эдийн болон эдийн бус хөрөнгийн барьцаа, төлбөрийн чадваргүйдлийн /дампуурлын/ эрх зүй болон худалдааны эрх зүйн зохицуулалтын тойм болон харьцуулалтын талаар асуудал дэвшүүл ба материаллаг эрх зүйн төдийгүй процессын эрх зүйн тулгамдсан асуудлуудыг багтаажээ.
Харин “Үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зарим асуудал” нь өмчлөгчийн бүрэн ба хязгаарлагдмал эрх/ипотек, сервитут, узурфрукт, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх/, төрийн нийтийн өмчийн болон орон сууц эзэмшигчдийн эрхийн зөрчлийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий өмчийн эрх зүйн суурь ойлголтыг хөнджээ.
Мөн Монгол Улсад харьцангуй шинэ салбарт тооцогдож буй нийтийн зориулалттай сууц өмчлөгчийн эрх, кондоминиумын тухай ойлголт, газар болон түүний дээр салшгүй бэхлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт болон тухайн эрхтэй, эсрэг чиглэлд зэрэгцэн оршиж буй, өмчлөх эрхийг хязгаарлахад чиглэсэн бусад эрхийг өөр хооронд нь харьцуулж нэгтгэн дүгнэх байдлаар бичигдсэн өгүүлэл, эмхэтгэлүүд багтсан байна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ