ЗҮҮН БҮСИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-09-27 Админ Хандсан тоо: 832 Хуваалцах

   Шүүхийн академи Улсын дээд шүүхтэй хамтран шүүгчдийн заавал судлах, мэргэшүүлэх сургалтыг  2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах болон анхан шатны шүүх, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх, Багануур дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийг хамруулан Хэнтий аймагт зохион байгууллаа.

   Энэ удаагийн сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгчид удирдан явуулсан бөгөөд Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэлэг асуудлууд”, шүүгч Н.Баярмаа “Эдийн болон эдийн бус баялгийн эрх зүй дэх шаардах эрх, шүүхийн практик”, шүүгч Н.Батзориг “Өв залгамжлалын эрх зүйн шинэлэг асуудлууд, шүүхийн практик” сэдвээр, шүүгч Б.Батцэрэн, Б.Амарбаясгалан нар “Авлигын гэмт хэргийн талаарх эрх зүйн шинэ зохицуулалтууд ба хэрэглэхэд анхаарах асуудал”, шүүгч Б.Батцэрэн “Баривчлах ажиллагаа ба цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний шүүхийн хяналт”, шүүгч М.Пүрэвсүрэн “Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаар хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практик” сэдвээр тус тус Сургалтын хөтөлбөрийн орон тооны бус хорооноос баталсан хөтөлбөрийн хүрээнд явууллаа.

   Сургалттай хамтатган Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа болон бусад шүүгчдийн бүрэлдэхүүн Шүүх байгуулах тухай хууль батлагдаж 2025 оноос эрүү, иргэний хэргийн шүүх нэгдэж буйтай холбоотойгоор эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, шинэлэг зохицуулалтын талаар мэдээлэл хүргэн, шүүгч нарын санал бодлыг сонсон хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

  Түүнчлэн иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч нар “Ерөнхий харьяаллын болон дагнасан шүүхийн хянан шийдвэрлэх маргаан, анхаарах асуудлууд” сэдвээр сургалт явуулсан бөгөөд энэхүү бүсчилсэн сургалт нь эрүү-иргэний болон иргэн-захиргааны хэргийн шүүхийн аль алинд хамаарах асуудлыг хөндөж дагнасан шүүхийн шүүгчдийг нэгтгэн хамруулснаараа онцлог байлаа.

   Сургалт, уулзалт 3 өдрийн турш үргэлжилж нийт 42 шүүгч хамрагдлаа.

ШҮҮХИЙН СУРГАЛТЫН ТӨВ