ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ-СУРГАГЧ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-09-22 Админ Хандсан тоо: 924 ХуваалцахШүүхийн академи, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Just transition”-ийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө өгөх шүүх эрх мэдлийн байгууллагуудын чадавхыг сайжруулах” төсөлтэй хамтран иргэний хэргийн шүүгч-сургагч багшид зориулсан сургалтыг 2024 оны 9 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Эхний 2 өдрийн сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Пассау хотын Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Рүдольф Хэлмхагэн эдийн болон эдийн бус баялгийн эрх зүй дэх шаардах эрх болон өв залгамжлалын эрх зүйн сэдвээр удирдан явуулсан бол 3 дахь өдрийн сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын Тэргүүн Г.Алтанчимэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэлэг асуудлын хүрээнд удирдан явууллаа.
Энэхүү сургалтад хамрагдсан шүүгч-сургагч багш нар Сургалтын хөтөлбөрийн хорооны баталсан “Эдийн болон эдийн бус баялгийн эрх зүй дэх шаардах эрх, шүүхийн практик”, “Өв залгамжлалын эрх зүйн шинэлэг асуудлууд, шүүхийн практик”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэлэг асуудлууд” сэдэвт хөтөлбөрөөр Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 2024 онд заавал судлах мэргэшүүлэх сургалтыг удирдан явуулах юм. Уг сургалтад иргэний хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны 15 шүүгч-сургагч багш хамрагдлаа.
Шүүхийн сургалтын төв