АНУ-ЫН “НЭЭЛТТЭЙ ДЭЛХИЙ” ХӨТӨЛБӨРТ АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2024-07-03 Админ Хандсан тоо: 609 Хуваалцах

   АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвөөс жил бүр хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөр 2024 оны 6 дугаар сарын 12-22-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон ДС, Техас мужийн Плэйнвью хотуудад зохион байгуулагдаж, Шүүхийн академийн Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч С.Цэрэндолгор, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Э.Амарсанаа нар оролцлоо.

   Тус хөтөлбөр нь 2024 онд “Шүүхийн хүртээмж, нээлттэй байдал болон цахимжилт” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын төлөөлөгчид хөтөлбөрийн хугацаанд Техас мужийн Плэйнвью хотын шүүхүүд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахимжилт нэвтрүүлэх замаар шүүхийн хүртээмж, нээлттэй байдлыг хангаж байгаа сайн туршлагатай танилцаж, тус хотын шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчидтай уулзаж, туршлага солилцов.

   АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвөөс эрх зүйт ёсыг бэхжүүлэх зорилгоор “Нээлттэй дэлхий” мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг 1999 оноос эхлэн дэлхий даяар хэрэгжүүлж байгаа бөгөөд өдгөө 32000 гаруй төгсөгчийг эгнээндээ нэгтгэжээ. Монгол Улсаас тус хөтөлбөрт 11 жил тасралтгүй оролцож, 70 гаруй шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг хамруулаад байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ