ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ШҮҮГЧ-СУДЛААЧ НАР ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦҮҮЛЖ, ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-07-03 Админ Хандсан тоо: 409 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024 оны 01 дүгээр сараас эхлэн шүүгч-судлаачаар томилогдон ажилласан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар нар 06 дугаар сарын 29-ний өдөр судалгааны тайлангаа хэлэлцүүллээ.
Тайлангийн хурлыг нээж Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг шүүгч-судлаачаар амжилттай ажилласан шүүгчдэд баяр хүргэж, үг хэлсэн юм.
Хурлын эхний хэсэгт шүүгч-судлаачид дотоод сургалт зохион байгуулав. Тухайлбал,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар “Эрүүгийн эрх зүйн бодлого тохиолдол шинжлэх, хууль хэрэглээ”;
- Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулах тухай”;
- Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул “Хувь хүний хөгжил: Дасгал хөдөлгөөнөөр сэтгэл санааг тогтвортой байлгах нь” сэдвээр тус тус мэдлэг олголоо.
Дараагийн хэсэгт шүүгч-судлаачид зургаан сарын турш хийж гүйцэтгэсэн судалгааны ажлаасаа тусгайлан сонгосон сэдвүүдийн хүрээнд тайлангаа хэлэлцүүлэв.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар “Эрүүгийн хуулийг тайлбарлах онол, арга зүй”, “Эрүүгийн хуулийн динамик тайлбар” сэдэвт судалгааны ажлаа танилцууллаа. Ингэхдээ эрх зүй, төрийн онол, эрүүгийн эрх зүйн болоод салбар эрх зүйн онолын ойлголтууд, үндсэн хуулийн эрх зүй, хэл шинжлэлийн судлагдахуун зэрэг асуудалд хандаж судалгааны ажлаа бэлтгэсэн гэдгээ онцолсон юм.
Харин Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох нь” сэдвээр судалгааны ажлын тайлангаа хэлэлцүүлсэн бөгөөд прокурор оролцож буй хэргийн практик болон гадаад улсын туршлагын талаар танилцууллаа.
Хурлын сүүлийн хэсэгт Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул тайлангаа хэлэлцүүллээ. Тэрээр “Цахим нотлох баримт” сэдвээр судалгааны ажил хийсэн бөгөөд гадаад улсуудад цахим нотлох баримтыг хэрхэн тодорхойлж, бэхжүүлж, үнэлж буй байдлын талаар судалсан үр дүнгээ хуваалцав.
Шүүгч-судлаачдын тайлангийн хуралд Судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн хаалтын үг хэлэхдээ шүүгч-судлаачаар ажилласан шүүгчдийн үндсэн судалгааны бүтээл нь “Шүүгч-судлаач: Судалгааны ажлын эмхэтгэл”-ийн цуврал-2 болон хэвлэгдэж, харин бусад судалгааны ажлууд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг, хянан магадалгаа бүхий “Монголын төр, эрх зүй” сэтгүүлд нийтлэгдэж уншигчдад хүрнэ гэдгийг онцлов.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ