ШҮҮГЧ-СУДЛААЧИД ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
2024-06-25 Админ Хандсан тоо: 392 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024 оны 01 дүгээр сараас эхлэн шүүгч-судлаачаар ажилласан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл нар 06 дугаар сарын 25-ны өдөр тайлангаа хэлэлцүүллээ.

   Тайлангийн хурлыг нээж Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.

   Эхний хэсэгт шүүгч Ш.Оюунханд “Шүүхийн практик” (ШП) систем, түүний хөгжүүлэлтийн явцын талаар танилцууллаа.

   “Шүүхийн практик” (ШП) систем нь шүүгчийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх,  хууль хэрэглээг сайжруулах зорилготой бөгөөд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх хуулийн заалтуудад шинжлэх ухааны тайлбар, гарын авлага болон тусламжийг цогцлоож, шүүгчид хэрэгтэй мэдээллийг нэг дор нэгтгэсэн байна.

   Тухайлбал, системийг 10,000 гаруй хуулийн нэр томьёо, хууль хэрэглээ, өгүүлэл, судалгааны материал, ярилцлага, эшлэл зэргээс бүрдсэн 13,660 гаруй мэдээ, мэдээлэл, 8,000 гаруй шүүхийн шийдвэр, судалгаа, эрх зүйн онол, хууль зүйн анхаарал татсан асуудлаар бичигдсэн 216 дүгнэлт зэргээр баяжуулжээ.

   Шүүгч Ш.Оюунханд шүүгч-судлаачаар ажиллаж байх хугацаандаа системийн мэдээллийн баазыг хөгжүүлж, илүү боловсронгуй болгон шүүгч, албан хаагчдын ажлыг хөнгөвчлөхийг зорилго болгон цахим орчинд нээлттэй байгаа хууль зүйн мэдээллийн агуулга, хүртээмж, бүтэц зэрэгт судалгаа хийсэн байна.

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг шүүгчийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор орчин үеийн чиг хандлагад нийцсэн шүүгч нарт зориулсан системийг хөгжүүлж буйд талархаад, цаашид “Шүүхийн практик” (ШП)-ийн хөгжүүлэлтийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

   Дараагийн хэсэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл судалгааны тайлангаа цахимаар хэлэлцүүллээ.

  Шүүгч А.Сарангэрэл нь шүүгч-судлаачаар ажиллаж байх хугацаандаа “Иргэн хуулийн этгээдийн шүүхэд хандах эрхийг Захиргааны хэргийн шүүхээс хэрэгжүүлж буй байдал, түүнд тулгамдаж буй асуудал” сэдвээр судалгааны ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд “Захиргааны хэргийн шүүх 20 жил: Онол практикийн бага хурал”-д “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг, түүнд тулгамдаж буй асуудал” илтгэлээ хэлэлцүүлж, Монголын төр, эрх зүй сэтгүүлийн тусгай дугаарт (№108) нийтлүүлсэн юм.

   Түүнчлэн “Олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүрэгтэй холбоотой парламент, засгийн газрын бодлого тодорхойлох асуудал нь шүүхийн хяналтын хүрээ, хязгаарт хамааралгүй” сэдэвт Австрали Улсын Холбооны шүүхийн шийдвэрийн хураангуйг орчуулан бэлтгэж, Хүрээлэнгийн цахим сайтад байршуулжээ.

   Мөн тайлангийн хурлын үеэр шүүгч А.Сарангэрэл “Хэрэглээний онол ба хүний эрх” сэдвээр сургалт орж албан хаагчдад мэдлэг олгов.

 Тайлангийн хуралд Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батбаатар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс тэргүүтэй шүүгчид, Улсын дээд шүүхийн Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны  дарга Б.Энхтөр,  мэдээлэл технологи хариуцсан инженер (программист) Б.Ганбаяр, тус Хүрээлэнгийн 26 албан хаагч оролцож санал, сэтгэгдлээ хуваалцлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ