АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ҮНДЭСНИЙ ШҮҮХИЙН КОЛЛЕЖТОЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-06-04 Админ Хандсан тоо: 476 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа нар Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний шүүхийн коллежийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Бенес З.Алданаг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний шүүхийн коллежтой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.  

   Энэхүү санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг Шүүхийн сургалтын төвийн дарга Г.Халиунаа удирдаж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр нээлтийн үг хэлэв. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын шүүхийн шүүгчдэд зориулсан мэргэшил дээшлүүлэх болон туршлага судлах сургалт зохион байгуулах, хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар тохиролцов. 

   Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний шүүхийн коллежийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Бенес З.Алдана  гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд сайн туршлага солилцон хамтран ажиллаж, нөхөрсөг харилцаагаа улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна гэв.  

   Мөн уулзалтаар хоёр байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны тухай харилцан ярилцаж, хамтран хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ болон хамтын ажиллагааны хүрээг хэрхэн өргөжүүлэх боломж нөхцөлийн талаар санал солилцлоо.  

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ