СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2024-05-17 Админ Хандсан тоо: 612 Хуваалцах

   Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр боллоо.

   Энэ удаагийн хуралдаанаар эрүүгийн эрх зүйн чиглэлээр зохион байгуулах "Авлигын гэмт хэргийн эрх зүйн орчин дахь шинэ зохицуулалтууд, хэрэглэхэд анхаарах асуудал" сэдэвт сургалтын хөтөлбөрийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Ч.Хосбаяр, "Шүүхийг үл хүндэтгэх зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдэвт сургалтын хөтөлбөрийг Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нар танилцуулж, хуралдаанд оролцсон нийт гишүүд дэмжсэнээр дээрх сургалтын хөтөлбөрүүдийг батлуулахад санал нэгдлээ.

   Хуралдааны дараагийн хэсэгт Хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг "Үр дүнтэй цахим сургалт зохион байгуулах нь" сэдэвт шүүгч-сургагч багш нарт зориулсан практик сургалтын хөтөлбөрийг танилцуулж, гишүүд дэмжин мөн батлуулахаар болов.

   Түүнчлэн Азийн сангаас ирүүлсэн "Кибер орчныг ашиглаж үйлдэгддэг хүн худалдаалах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдвээр сургалтын хөтөлбөр боловсруулах саналыг хэлэлцэн, нийт гишүүд хөтөлбөр боловсруулахыг дэмжсэн юм. Хуралдааны төгсгөлд Сургалтын хөтөлбөрийн хорооноос баталсан 2024 оны сургалтын сэдвийн хүрээнд хөтөлбөр боловсруулах ажлын төлөвлөгөөний явцыг танилцуулж, төлөвлөгөөнөөс үлдсэн сургалтын хөтөлбөрүүдийг зургаадугаар сарын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ