ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2024-03-15 Админ Хандсан тоо: 740 Хуваалцах Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн орон тооны бус хорооны ээлжит хуралдаан 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр болж өнгөрлөө.
Хуралдаанаар шүүгчийн сургалтын заавал судлах болон сонгон судлах дараах 16 хөтөлбөрийг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэн тул Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан зохицуулалтын дагуу Ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн, Ерөнхий шүүгчид хүргүүлэхээр тогтлоо. Үүнд:
Заавал судлах сургалтын хөтөлбөр
-Эдийн болон эдийн бус баялгийн эрх зүй дэх шаардах эрх, шүүхийн практик;
-Өв залгамжлалын эрх зүйн шинэлэг зохицуулалт, шүүхийн практик;
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт;
-Ашигт малтмалын маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудал;
-Захиргааны хэргийн шүүхийн нотлох үүрэг;
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэглэхэд анхаарах асуудал.
Сонгон судлах сургалтын хөтөлбөр
-Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх;
-Амьд явах эрх;
-Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн агуулга, ач холбогдол;
-Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхэдтэй сэтгэцийн гэмтэлд суурилсан хандлагаар харилцах нь;
-Санхүүгийн эсвэл цахим нотлох баримтыг хилийн чанадаас олж авахад тулгамдаж буй асуудал, олж авсан нотлох баримтыг шүүх хуралдааны явцад зохистой ашиглах нь;
-Өмчлөх эрхийн онолын асуудал, харьцуулсан судалгаа;
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, онцлог зохицуулалтууд;
-Сонгуулийн маргаан хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал;
-Төрийн албаны тухай хуулийн хэрэглээ: төрийн албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах болон төрийн албан хаагчийн хариуцлагын асуудал;
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үзэл баримтлал, онцлог зохицуулалтууд зэрэг хөтөлбөрүүд багтав.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ