ХӨРӨНГИЙН ҮНИЙГ БҮРЭН ТӨЛСНӨӨР ӨМЧЛӨЛДӨӨ ШИЛЖҮҮЛЭХ, НЭР ДЭЭРЭЭ БҮРТГҮҮЛЭХИЙГ ШААРДАХ ЭРХТЭЙ
2023-11-13 Админ Хандсан тоо: 215 Хуваалцах
Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шийдвэрийн огноо, дугаар: 2023.01.13, 135/ШШ2023/00077

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2023.05.24, Шийдвэрийн хураангуй № 4

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.

Агуулга: Иргэн А нь Б компанид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Уг гэрээ болон бусад баримтаар иргэн А нь Б компаниас 45,780,000  төгрөгөөр орон сууц худалдан авахаар, үнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохирсон бөгөөд нийт 40,780,000 төгрөг төлсөн болох нь тогтоогддог. Тэрээр анх тус байранд ороход засвар хийх зайлшгүй шаардлагатай, ус алдсан байсан тул 5,000,000 төгрөгөөр засвар хийсэн, үүнийгээ тухайн үедээ компанийн эрх бүхий хүнд амаар мэдэгдэж байсан, тухайн хүн ч зөвшөөрсөн тул засвар хийсэн гэж тайлбарладаг.

Харин хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “5,000,000 төгрөгийн засвар хийх талаар бичгээр тохиролцоо байхгүй тул 5,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэхгүй, тухайн үед иргэн А засвар хийсэн нь үнэн боловч үүнийг орон сууцны төлбөрөөс хасах боломжгүй. Орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул одоо байраа иргэн А-д худалдахаас буюу гэрээнээс татгалзаж байна” гэж маргасан.  

Иргэн А-гийн гаргасан нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хангаж, орон сууц болон түүнтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгч иргэн А-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б компанид даалгаж шийдвэрлэлээ.

Учир нь, талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзээд гэрээний дагуу иргэн А нь орон сууцны үнэ болох 45,780,000 төгрөгөөс 40,780,000 төгрөгийг төлсөн, мөн тухайн байранд орохдоо өөрийн зардлаар засвар хийснийг хариуцагч Б компанийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан гэрээний үүргийг иргэн А ялимгүй зөрчсөн байхад хариуцагч Б компани гэрээнээс татгалзах үндэслэлгүй, энэ зөрчил нь гэрээний үүрэг шаардах эрхийг үгүйсгэхгүй гэж дүгнэсэн юм.

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/126797?daterange=2023-01-01%20-%202023-05-29&id=1&court_cat=1&bb=1

Хураангуй бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг