ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчилнэ
2025-11-11 Админ Хандсан тоо: 22 Хуваалцах
Шүүхийн нэр: Монгол Улсын дээд шүүх Захиргааны хэргийн танхим
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025.09.16 001/ХТ2025/0070
Тоймын дугаар, огноо:№ 66 /ЗХТ-27/ 2025.10.21
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Эрх Чөлөөний Эвсэл намын Сенатын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааг Эрх Чөлөөний Эвсэл намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсүгэй” гэж 3 дахь заалтаар “Дээр дурдсан заалтын хүрээнд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж бусад хэлбэрээр сурталчилгааны зардал гаргахгүй байхаар шийдвэрлэсүгэй” гэж тус тус шийдвэрлэжээ.
Ийнхүү Эрх Чөлөөний Эвсэл намын нэр дэвшигчид сонгуулийн зардлын дансыг нээгээгүй байх бөгөөд хариуцагч татварын улсын байцаагчаас 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0043275 дугаар шийтгэлийн хуудсаар “Эрх Чөлөөний Эвсэл намын нэр дэвшигч Т.Золбаяр нь сонгуулийн зардлын тайланд аудит хийлгээгүй, данс нээгээгүй, хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй” гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэж заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүхийн шийдэл:
1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна” гэж, 51.3-т “Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ” гэж, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу сонгуулийн тойрогт нэр дэвшигч нь сонгуулийн зардал бодитоор гаргасан эсэх, хандив авсан эсэхээс үл хамааран зайлшгүй сонгуулийн зардлын дансыг нээлгэж, хуульд заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлэх үүргийг хүлээнэ. Иймд гомдол гаргагч сонгуулийн зардлын дансыг нээгээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журам”-ыг зөрчсөн үндэслэлд тооцогдоно.
2. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих” гэж, 7.1.6-д “ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах” гэж тус тус зааснаар сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг нэгтгэн зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийг тайлбарлан таниулах чиг үүрэг бүхий Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигч тус бүр зардлын данс нээхгүй байх боломжтой гэх байр суурийг илэрхийлсээр ирсэн энэ тохиолдолд гомдол гаргагчаас үл шалтгаалах нөхцөл байдал зөрчил үйлдэхэд нөлөөлсөн байна. Нэг үгээр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын данс нээлгэхгүй байж болно гэх итгэлийг бий болгосон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэглэгдэх үндэслэл бүрдсэн байна. Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, дээрх үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт